
550 гаруй хүүхдийн эцэг болсон үрийн донор эрэгтэйн дахин донор болох эрхийг хасах шийдвэрийг Нидерландын шүүх Баасан гарагт гаргажээ.
Нидерландын хэвлэлүүд “Жонатан М” гэж нэрлэж буй 41 настай эрэгтэй өөрийнх нь үрийн шингэний тусламжтай хүүхэдтэй болсон эмэгтэйн гаргасан гомдлын дагуу шүүхэд анх дуудагдсан юм байна.
Тус улсын хуулиар нэг донор 12 гэр бүлийн 25 хүүхдийн эцэг болох дээд хязгаартай байдаг. Гэтэл дээр дурдагдсан эрэгтэй 2007 оноос хойш 550-600 орчим хүүхдийн эцэг болсон юм байна.
Шүүхээс түүнийг цаашдаа үрийн шингэнээ хандивлахыг хориглож, өөрийнх нь үрийн шингэнээр хүүхэдтэй болсон гэр бүлүүдтэй холбоо тогтоохыг хоригложээ.
Хэрвээ дээрх шийдвэрийг зөрчвөл тохиолдол бүрд 100,000 еврогийн торгуулиар шийтгэхээр болсон байна.
“Жонатан М”-ийн үрийн шингэнээр хүүхэдтэй болсон нэг эмэгтэй өөрийнхөө хүүхдийг хэтэрхий олон эцэг нэгт ах дүүстэй болохоос сэргийлэх зорилгоор шүүхэд хандаж байжээ.
Тэрбээр донор эрэгтэйн “өвсөнд тавьсан түймэр шиг хурдтай тархаж буй үйл ажиллагаа”-г зогсоох, хүүхдийнхээ давтагдашгүй байх эрхийг хамгаалах зорилгоор шүүхэд хандсан юм байна.
“Жонатан М”-ийн үрийн шингэнээр Нидерландын эмнэлгүүдэд 100 гаруй хүүхэд мэндэлсэн бол бусад нь Дани улсын Cryos эмнэлгээр дамжин гадаад орнуудад хандивлагджээ.
“Донор өмнө нь эцэг болсон хүүхдүүдийнхээ талаар мэдээллийг шинээр эцэг эх болох гэж буй хүмүүст өгөлгүй санаатайгаар нуусан байна. Үүний улмаас олон эцэг эхчүүд өөрийн хүүхдийг олон зуун ах дүүстэй, өөрсдийн хүсээгүй асар том ураг төрлийн сүлжээний нэг хэсэг болсноо мэдсэн байна” гэж шүүхийн шийдвэрт өгүүлсэн байна.
Нидерландын шүүх өмнө нь ийм асуудалтай тулгарч байгаагүйгээ бас мэдэгджээ.
Тус улсад сүүлийн жилүүдэд үрийн донортой холбоотой дуулиан тасрахгүй байна. 2020 онд нэг эмч өөр доноруудын нэрээр өөрийн үрийн шингэнийг өвчтөн эмэгтэйчүүдэд хандивласнаар 17 хүүхдийн эцэг болсон хэрэг илэрч байжээ.
Үүнээс өмнө Роттердам хотын нэг эмнэлгийн эмч бас ийм аргаар 49 хүүхдийн эцэг болсон нь тогтоогдож байв.
Эх сурвалж: AFP
