
Шинээр илүү олон уурхай нээгээгүй тохиолдол ирэх 10 жилд зэсийн эрэлт нийлүүлэлтээ давах төлөвтэйг “Дэлхийн зэсийн чуулга уулзалт-2023” арга хэмжээний үеэр салбарынхан онцоллоо.
Шинээр зэсийн уурхай нээх зөвшөөрөл олгосон тоо сүүлийн 10 жилийн доод түвшинд хүрснийг “Goldman Sachs” мэдээлэв. Зөвшөөрөл авч, уурхай байгуулахад дунджаар 10-20 жил зарцуулагддагийг тооцвол энэ нь зэсийн нийлүүлэлт тааруу байхын дохио болж байна.
Дэлхийн зэсийн нийлүүлэлт 2035 он гэхэд 26 хувиар өсөж, жилд 38.5 сая тонн хүрнэ гэж Олон улсын зэсийн холбоо тооцоолжээ. Хэдий тийм боловч энэ нь эрэлтээс 1.7 хувиар доогуур үзүүлэлт юм.
Өсөн нэмэгдэж буй эрэлтийн нөлөөгөөр зэсийн үнэ 2025 он гэхэд одоогийн түвшнээс 67 хувиар өсөж, тонн нь 15 мянган ам.доллар давна гэж “Goldman Sachs” тооцоолоод байна.
Шинээр үүсэх зэсийн эрэлтийн дийлэнх хувийг цахилгаан автомашин үйлдвэрлэгчид бүрдүүлэхээр байгаа аж. Уламжлалт хөдөлгүүртэй харьцуулахад цахилгаан автомашины үйлдвэрлэлд илүү их зэс шаардагддаг.
“Хангалттай зэс байхгүй бол эрчим хүчний шилжилт саатах эрсдэлтэй” гэж “Trafigura” металл арилжааны компанийн Гүйцэтгэх захирал Жереми Вайр чуулганы үеэр анхааруулсан байна. Харин Олон улсын зэсийн холбоо илүү хямд, хөнгөн жинтэй хөнгөн цагаанаар салхин сэнс, цахилгаан автомашин зэрэг зарим бүтээгдэхүүнд зэсийг орлуулан ашиглах боломжтойг онцолжээ.
