
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг, чиглэлийн дагуу ЦУОШГ-ын харьяа Дорнод аймгийн “Онон-бороо 1”, “Онон-бороо 2” экспедицийнхэн дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө түймэр унтраахад дэмжлэг үзүүлэх зорилгоор үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулжээ. Тэд Дорнод аймгийн Халхгол сумаас баруун тийш 35 км-т орших Ташгай баг орчимд үйл ажиллагаа явуулсан байна.
Монгол орныг дайран өнгөрч буй өндрийн хотос гүнзгийрч Манжуур орчимд өндрийн циклон болж идэвхжсэн бөгөөд уг процессын нөлөөгөөр үүссэн үүлэн хуйлрааны зүүн өмнөд захын хэсэгт “Онон-бороо 1” экспедиц Буйр нуур орчмоос, “Онон-бороо 2” экспедиц Халхгол сумын Ташгай багийн нутгаас зориудаар нөлөөлж дөрвөн ширхэг JFJ-1A борооны пуужин харваж, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэв.
