
Хятадын зүүн хэсэгт орших Жиансу мужийн Шюжоу хотын Ардын шүүх баасан гарагт зургаан хүнд хорих ял оноолоо. Тэднийг нэгэн эмэгтэйг хулгайлж, худалдсан, эрх чөлөөг нь хассан, түүнтэй зүй бусаар харьцсан хэрэгт буруутай гэж үзжээ.
Тодруулбал, Шиаохуамэй гэх эмэгтэйтэй 1998 оноос хойш хамт амьдарч байсан Дун Жиминд шүүгч есөн жилийн хорих ял оноожээ. Түүнийг эмэгтэйтэй зүй бусаар харьцаж, эрх чөлөөг нь боомилж байсан хэрэгт буруутай гэж үзсэн байна.
Шүүхийн шийдвэрийн дагуу бусад таван шүүгдэгч 8-13 жилийн хорих ял, мөн тухайн эмэгтэйг хулгайлсан, худалдаалсан хэрэгт буруутай нь тогтоогдсон тул торгох ял оноожээ. Шүүх хурлын үеэр зургаан шүүгдэгчийн тав нь гэм буруугаа хүлээсэн байна.
Сануулахад, Шиаохуамэйн хэрэг 2022 онд Хятадын интернетэд шуугиан тарьсан. Түүнийг 1998 онд төрөлх Юнань мужаас хулгайлж, Жиансу муж руу аваачжээ. Шюжоу хотын Фэншянь мужийн Дун Жимин түүнийг худалдаж авахаас өмнө тэрээр гурван удаа зарагдсан байна.
1999-2020 оны хооронд Шиаохуамэй Дун Жиминий найман хүүхдийг төрүүлжээ. Дун Жимин 2017 оноос хойш хохирогчийг олсоор уяж, хүзүүг нь гинжилж, эрх чөлөөг нь боомилж, хүйтэнд байнга орхиж, өлсгөдөг байсныг цагдаа нар тогтоосон байна. Ийм үйлдлийн улмаас Шяохуамэйн сэтгэцийн эрүүл мэнд ноцтойгоор хохирчээ.
Дун Жиминий эдгээр үйлдэл эмэгтэйн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж, улмаар Шиаохуамэй шизофрени өвчтэй болсон нь хүндрүүлэх нөхцөл болсон гэж шүүх дүгнэсэн байна.
Эх сурвалж: Синьхуа
