
Гурван мянган жилийн өмнө хүмүүс галлюциноген /мансууруулах бодисны нэг бүлэг/ төрлийн бодис хэрэглэж байсан гэж Испанийн эрдэмтэд үзэж байна. Үүний нотлох баримт нь Газар дундын тэнгисийн Менорка арлын агуйгаас олдсон бөгөөд балар эртний үед зан үйл хийхдээ энэ бодисыг ашигладаг байжээ.
Эрдэмтэд тус арлын баруун өмнөд хэсэгт орших Эс Каррич агуй дахь нууцлаг байгууламжид байсан 200 орчим эртний булшнаас олдсон үсний дээжид шинжилгээ хийсэн байна. Тэд энэ агуйд 600 жилийн турш буюу МЭӨ 800 он хүртэл хүн оршуулдаг байсан гэж үздэг.
Scientific Reports сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны ажилд бичсэнээр эрдэмтэд үсний эзэд ургамлаас гаргаж авсан мансууруулах бодис хэрэглэдэг байсан нь шинжилгээгээр тогтоогджээ. Энэ нь Европын газар нутагт хар тамхи хэрэглэдэг байсныг нотлох хамгийн эртний баримт болж байгаа аж.
Үс хадгалдаг савны таг нь мушгиа хээтэй байсныг тэмдэглэжээ.
Үс хадгалдаг савны таг нь мушгиа хээтэй байсныг тэмдэглэжээ.
Судалгааны бүтээлд бичсэнээр агуйг ашиглаж байх үедээ сүүлийн 300 жилд нь хүмүүсийг тусгай зан үйлийн дагуу оршуулдаг байсан гэнэ. Нас барагсдын үсийг тайрч, улаанаар будаж, мод эсвэл амьтны эврээр хийсэн цилиндр хэлбэртэй саванд хийж тавьдаг байжээ. Эдгээр савнуудыг нас барагсдын цогцосны дэргэд тавьдаг байв. Эдгээр үсэнд хийсэн шинжилгээгээр үсний эзэд атропин, скополамин, эфедрин зэрэг сэтгэцэд нөлөөлөх хүчтэй бодис хэрэглэсэн нь тогтоогджээ.
Судлаачид мөн эдгээр савны таг нь мушгиа хээтэй байсныг тэмдэглэжээ. Энэ нь нас барсан хүн галлюциногенийн нөлөөн дор сэтгэц оюуны өөрчлөлттэй болсон байсныг илтгэж байж болох юм гэв.
Эх сурвалж: ВВС
