
Цэргийн мэргэжил олгох сургалт болох “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл өнгөрсөн гуравдугаар сарын 6-17-ны хооронд явагдсан.
Оюутан цэргийн бүртгэлийг E-Mongolia цахим системээр зохион байгуулсан юм. Харин Засгийн газрын гуравдугаар сарын 29-ний өдөр болсон ээлжит хуралдаанаар “Оюутан цэрэг-2023” сургалтад хамрагдах оюутны тоог 1500 болгож нэмэгдүүлсэн.
Энэ талаар Батлан хамгаалах яамнаас тодруулахад: “Засгийн газрын шийдвэрийн дагуу нэмэлт бүргэлтийг гуравдугаар сарын 30-аас дөрөвдүгээр сарын 3 хүртэл явуулсан. Энэ жил нийслэлээс 1100, орон нутгаас 400 орчим оюутан бүртгүүлсэн. Засгийн газрын шийдвэр оройтож гарсан тул орон нутаг дахь оюутнуудыг цаасан хэлбэрээр бүртгэсэн. Энэ сарын 8-аас оюутнуудад онолын хичээл орж эхэлнэ” гэлээ.
“Оюутан цэрэг”-т элсэх журам:
Их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байх
Сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх
2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөр 18 нас хүрсэн байх
Эрүүл мэндийн даатгал төлөгдсөн байхыг тус тус шаарддаг.
Дээрх шаардлагыг хангасан оюутнууд E-Mongolia систем рүү хүсэлтээ явуулах боломжтой аж.
