
Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа өчигдөр /2023.03.24/ нийслэлд хийж, хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэв.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс энэ сарын 25-30-нд нийслэлийн хэмжээнд эзэнгүй нохой, муурын тооллогыг хийхээр төлөвлөжээ.
Ингэснээр эзэнгүй, нохой, муурын тоо гарч, үүн дээр үндэслэж нийслэлээс арга хэмжээ авах аж. Хамгийн сүүлд 2018 онд тооллого хийхэд 300-350 мянган эзэнгүй нохой, муур байгаа гэх судалгаа гарчээ.
Мөн хаврын их цэвэрлэгээний аяны хүрээнд өнгөрсөн долоо хоногт 5579 автобусанд угаалга, цэвэрлэгээ хийж, үүнийг тогтмолжуулахаар ажиллаж байна. Тодруулбал:
2304 автобусны гадна угаалга
4674 автобусны дотор угаалга, хана, цонх тааз угаах
548 автобусны суудлын бүрээс солих
1218 автобусны дээврийг угаах цэвэрлэгээг хийжээ.
Мөн гэрэлтүүлгийн 3000 орчим шонг угааж, сурталчилгааны наалтыг арилгажээ. Монголын сууц өмчлөгчдийн холбоонд бүртгэлтэй 1300 орчим СӨХ-ны 280 орчим нь тоглоомын талбайд угаалга цэвэрлэгээ, засвар, үйлчилгээ хийсэн байна.
