
БНХАУ-ын эрх баригчид Ковид-19 цар тахлыг хязгаарлах чанга хатуу бодлого явуулж сүүлийн гурван жилийн хугацаанд хатуу хөл хорио тогтоогоод буй. 2019 оны сүүлээр тус улсад анх коронавирусийн халдвар тархах үед Хятадын Засгийн газар 11 сая хүн амтай Ухань хотод хатуу хөл хорио тогтоож байсан.
Үүнээс хойш гурав гаруй жил үргэлжилж буй тэг ковид бодлогын хүрээнд Бээжин, Шанхай, Гуанжоу, Нанжин зэрэг томоохон хотуудад халдварын тохиолдол гарах тоолонд иргэдийг дүүрэг, хотхоноор нь хорих, тусгаарлах арга хэмжээ авах замаар халдварын эсрэг “тэмцэж” ирсэн.
Гал түймэр гарсан орон сууцанд халдвар гарсан тул үүдэнд хашлага байршуулж цоожилсон байсны улмаас гал сөнөөгчид галыг унтраахад хүндрэл гарч иргэд амиа алдсан гэж орон нутгийн иргэд мэдээлж буй буй. Гал түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулсан гэрэл зураг, дүрс бичлэг интернэтэд тавигдсны дараа Хятадын томоохон хотуудыг хамарсан эсэргүүцлийн жагсаал эхэлж, гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өрөмч хотод гарсан гал түймэр нь сүүлийн саруудыг хатуу хөл хорионд өнгөрүүлсэн хятадуудын хувьд тэвчээрийн эцсийн цэг байсан хэмээн жагсагчид хэлж байв. “Би эх орондоо хайртай ч засаг төрийн явуулж буй бодлоготой санал нийлэхгүй учраас өнөөдөр энд жагсаж байна… Би чөлөөтэй орж гарахыг хүсч байна, гэхдээ бид тэг ковид бодлогын улмаас хөлөө тушуулсан мэт амьдарч байна. Ковидын эсрэг хэрэгжүүлж буй бодлого бодит нөхцөл байдлын болон шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй” гэж жагсагч Ли Ройтерс агентлаг хэлжээ.
Эсэргүүцлийн жагсаалд Циньхуа, Бээжин, Нанжины их сургуулийн оюутнууд маш ихээр нэгдэж байгаа бөгөөд жагсаалын үеэр иргэд “Ши Жиньпин, огцор! “Коммунист нам огцор!”, “Би PCR шинжилгээ өгмөөргүй байна”, “Би эрх чөлөөтэй амьдармаар байна” хэмээн хашхирцгааж, лоозон өргөцгөөж байсан гэнэ. Хятадын Засгийн газар болон Ши Жиньпиний бодлогыг ийнхүү ил тод шүүмжлэх нь тус улсад ер бусын үзэгдэл юм. Иймээс эсэргүүцлийн жагсаалд оролцож буй эдгээр оюутан, залуучуудад маргааш ямар нэгэн зүйл тохиолдох бий гэж айдаг талаар иргэд олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудад хэлж буй юм.
“Бид зөвхөн үндсэн эрхээ эдлэхийг хүсч байна. Бид PCR шинжилгээ өгөхгүйгээр гэрээсээ ч гарч чадахгүй. Шинжаанд болсон осол тэг ковид бодлого ямар түвшинд хүрснийг харуулж байна. Цагдаа нар эсэргүүцлийн жагсаалд оролцож буй иргэдийг ямар ч шалтгаангүйгээр баривчилж байна” гэж нэрээ хэлэхээс татгалзсан 26 настай жагсагч хэлэв.
Мөн түүнээс гадна зарим жагсагчид хоосон цагаан цаас барин зогссон бөгөөд энэ нь Хятадын эрх баригчдын цензурийг эсэргүүцэж буйн шинэ бэлгэдэл аж.
ХЯТАД ТЭГ КОВИД БОДЛОГЫГ ЦААШИД ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ҮҮ?
Ши Жиньпин намын эрх мэдлийг дахин таван жил атгах эрх мэдлээ өнгөрөгч аравдугаар сард болсон Коммунист намын 20 дугаар их хурлаар баталгаажуулсан юм. Хятадын эдийн засагт төдийгүй иргэдийн аж амьдралд хүчтэй нөлөөлж буй “Тэг ковид” бодлогод ямар нэгэн өөрчлөлт оруулах бодолгүй байгаагаа Ши Жиньпин намын хурлын үеэр илэрхийлсэн. Тэрбээр Коммунист намын 20 дугаар их хуралд тавьсан илтгэлдээ “Тэг ковид” бодлогын хязгаарлалтыг сайшааж, цаашид үргэлжлүүлэх бодолтой байгаа талаар мэдэгдсэн билээ.
Хятадын тэг ковид бодлого цар тахалтай тэмцэх урт хугацааны, тогтвортой арга зам биш гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдэгдээд, энэ бодлогоо өөрчлөхийг уриалж байсан билээ. Мөн хүний эрхийн төлөө тэмцэгчид дээрх бодлогын улмаас иргэдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа талаар удаа дараа мэдэгдэж байсан.
Тэгвэл эдгээр өдрүүдэд Хятадад өрнөж буй эсэргүүцлийн жагсаал ноён Ши-гийн засаглалыг унагах уу гэдэг асуултыг олон иргэд тавьж буй.
“Хэдийгээр эсэргүүцлийн жагсаал улс орон даяар эрчимтэй өрнөж байгаа хэдий ч энэ нь Засгийн газрын чиг хандлагыг өөрчилнө гэдэгт эргэлзэж байна. Хятадын Коммунист намын өмнөх туршлагыг харахад үүнтэй төстэй жагсаал цуглааныг хурдан хугацаанд зогсоож, тараах хүч чадалтай. Хятадад жагсаал цуглааныг үр дүнтэй зохион байгуулах нийгмийн сүлжээ зэрэг хэрэгсэл дутагдаж байна. Иргэдийн идэвхтэй ашигладаг Wechat, Weibo зэрэг нийгмийн сүлжээ эрх баригчдын хяналтад байдаг. Бямба гарагийн орой Шанхайд болсон эсэргүүцлийн жагсаал Хятадын засгийн газрыг илүү хатуу арга хэмжээ авахад түлхэж болзошгүй. Эрх баригчид Шанхай болон бүхэлдээ Хятадад илүү хатуу хяналт тавьж магадгүй” хэмээн жагсагчид Хятадад ямар нэгэн зүйл өөрчлөгдөнө гэдэгт итгэл муутай хэлж байгаа аж.
“ХЯТАДАД ИРСЭН ХЭДИЙ Ч ГАДААД ОЮУТНУУД ОДООГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ХИЧЭЭЛЛЭДЭГ БӨГӨӨД 48 ЦАГ ТУТАМД PCR ШИНЖИЛГЭЭ ӨГЧ БАЙНА”
