
Өнөөдөр болсон Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар Орон Нутгийн Хөгжлийн Сангийн/ОНХС/ хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар хэлэлцэв.
2022 оны дөрөвдүгээр сарын 15-наас хоёр сарын хугацаанд зохион байгуулсан санал асуулгын дүнгээр нийт 1,140,376 төсөл хөтөлбөрийг нэн тэргүүнд хэрэгжүүлэх саналыг иргэд ирүүлжээ. Тухайлбал, Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн талбайд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх тохижилт, тоглоомын талбай байгуулах 216,157 санал ирсэн байна.
Гэрэлтүүлэг, явган хүний зам, камержуулалт, орон сууцны байрны гадна дулаалгын засвар, цахилгаан шугам хүчдэлийг сайжруулах, өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмж зэрэгт хамгийн олон санал иржээ.
Мөн авто замын засвар шинэчлэл, орон сууцны байрны дээвэр засвар, үерийн ус зайлуулах суваг шуудуу, хоолой хийх, ногоон байгууламж нэмэгдүүлэх зэрэгт иргэд саналаа өгсөн бөгөөд эдгээрийг эрэмбэлж, хамгийн олон иргэний нийтлэг эрх ашгийг хангахуйц төслийг эхлээд санхүүжүүлэх юм байна.
Улсын төсөв болон ОНХС-гийн нэгдсэн сангаас тодорхой аргачлалаар дүүрэг болон нийслэлд 50:50 гэсэн харьцаагаар санхүүжилт нь хуваарилагддаг. 2023 онд нийслэлд 32.4 тэрбум төгрөгийн төсвийг нийслэлийн ОНХС-д хуваарилжээ. Хөрөнгийн хуваарилалтыг хийхдээ иргэдийн санал асуулга дээр үндэслэн, хамгийн өндөр саналтай эрэмбээр хэрэгжүүлэх аж.
Иргэдээс санал авсны үндсэн дээр үр дүнг нь нэгтгэсэн бөгөөд орон нутгийн хөгжлийн сан нь иргэдийн оролцоотой төсвийн төлөвлөлт, төслийн эрэмбэ, хэрэгжилт, худалдан авах ажиллагаа, хяналт шинжилгээ үнэлгээ, хөрөнгийн удирдлага гэсэн 5 үе шаттай хэрэгжих хуультай. Энэ жилийн хувьд Сангийн яамнаас орон нутгийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт иргэдийн саналыг улс даяар цахим хэлбэрээр авчээ.
Төлөөлөгч Л.Отгонбаатар ОНХС-гаас 2022 онд Хан-Уул дүүргийн 4 хороо, Вива сити хороололд ахмад настан, хүүхдүүдэд зориулсан чийрэгжүүлэлтийн ажлын явц удаан байна. Ямар шалтгааны улмаас ажил явахгүй байгаа талаарх мэдээллийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар төлөөлөгчдөд өгдөггүй бөгөөд тендер амжилтгүй болсон шалтгаанаар хийх ажил нь багасаж байгааг шүүмжиллээ. Уг ажил дээр нийт 5 удаа тендер зарласан бөгөөд батлагдсан төсөв нь хийх ажилдаа тэнцэхгүй байгаа учраас ажлын даалгаварт өөрчлөлт оруулсан гэдгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хэлтсийн дарга тайлбарлалаа.
Төлөөлөгч Ү.Оюунзулын хувьд ОНХС-гаар хийж байгаа бүтээн байгуулалтын ажлыг хурдан шуурхай, чанартай гүйцэтгэхэд ажил хариуцсан хүмүүс анхаарч ажиллахыг сануулав.
Танилцуулгатай холбоотойгоор Нийслэлийн ИТХ-аас тэмдэглэл гарч, Нийслэлийн Засаг даргад чиглэл хүргүүлнэ гэв.
