
“Ноён эмэгтэй”
Тэр Монголын кино урлагийн “ноён эмэгтэй”. Үзэгчид түүнийг Хувьслын Урнаа ч гэж дууддаг. Уран бүтээлээрээ дамжуулан эмэгтэйчүүдийн эрх, шударга бус нийгмийн золиос, хүний эрх, хүчирхийллийн эсрэг хүчтэй дугарч, хөндөж чаддаг тэрбээр энэ удаа нийгэмд чангаар “хашгирч”, тэсрэлт хийж чадлаа. Салбартаа хувьслыг авчирлаа.
Тэрбээр шинэхэн уран бүтээлээ шинэлэг болсон гэж тодотгосон. Үнэхээр түүний өмнөх өмнөх дүрүүдээс “Ноён эмэгтэй”-н дүр тэс өөр байлаа. Монголдоо анхдагч эмэгтэйчүүдийн тулаант /action/ кино гэдгээрээ онцлог.
Кино 1974 оноос эхлэлтэй. Охидын цэвэр ариухан нөхөрлөл хэрхэн хар толбоор будагдаж, өш хонзон болон хувирч буйг харуулна. Одоогоос 20-иод жилийн өмнө нийгмийн ороо бусгаа цагт эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигдөж байсныг өгүүлж, эмэгтэйчүүдийн хорих ангиар дүрслэн харуулсан нь үзэгчдийн сонирхлыг татна.
Жүжигчдийн хувьд ч “улиг болсон” танил дүрүүдээс аль болох татгалзаж, цоо шинэ дүр төрх, уран бүтээлчидтэй хамтарч ажилласан нь сонирхолтой санагдав. Киноны дууны баг болох “Авиа” студийн хамт олон болон зураглаач Б.Баатарын “Team hero” баг үнэхээр гар нийлж ажиллажээ.
Кино нээлтийн өмнө “Ноён эмэгтэй” киноны постерыг “Squid game” киног хуулбарласан гэж шүүмжилж байсан. Яг уран сайхны киног үзэх мөчид тэр бүхэн салхинд хийсч, уран бүтээлчдийн ур чадвараар бахдуулж чадав. Зарим үзэгчид “Юун “Squid game” кино. Харьцуулашгүй дэлгэцийн бүтээл болсон байна” гэцгээж байлаа.
“Хувьсал” продакшны уран бүтээлчид киноны зохиолыг 2019 онд бичиж, 2020 онд Дархан хотод 100 гаруй уран бүтээлч, 300 гаруй арын албаны ажилтантай зураг авалтаа эхлүүлж, 2021, 2022 онд киноны пост продакшны ажлууд болох дуу оруулалт, хөгжим чимэглэл, компьютер граффик, өнгө тавилт гэхчилэн олон хүний хөлс хүч, сэтгэл зүрхээр нэгэн шинэ уран бүтээл мэндэлсэн нь энэ.
Киноны зохиолыг үргэлжилсэн үгийн нэрт төлөөлөгч С.Жаргалсайханы 20 жилийн өмнө тавигдаж байсан “Бид эрчүүдийг хүснэ” хэмээх зохиолоос сэдэвлэж “Хувьсал” продакшны уран сайхны бодлогыг хариуцдаг, кино зохиолч Г.Бямбасүрэн маань кино зохиол болгон буулгасан.
Энэ авьяаслаг залуу зохиолч маань “Тэнгэрээс буусан од” киноны зохиолыг бичиж, нэгдүгээр найруулагчаар ажилласан. Миний хувьд энэ бүтээл маань хамгийн шинэлэг болсон гэж бодож байгаа. Ийм болгоход тусалсан гайхалтай зураглаач бол Б.Баатар юм” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцав.
