
Энэ сарын 22-ны өдөр Хүүхдийн тусламж 108 утсанд бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн талаарх дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгахад төрсөн эцэг нь гурван настай охиноо удаа дараагийн үйлдлээр хүчирхийлсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна. Тиймээс Гэр бүл Хүүхэд Залуучуудын хөгжлийн хэлтэст мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, эрүүл мэндийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Өдгөө охин ээжтэйгээ хамт аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар охин ээждээ “Аав намайг өвтгөөд байна” гэж хэлдэг байсан ч ээж нь итгэхгүй, охиныхоо үгэнд биш нөхрийнхөө үгэнд итгэсээр өдийг хүрсэн тухайгаа мэдүүлсэн байна. Харин аавыг нь цагдан хорьж, мөрдөн байцаах ажиллагаа явуулж эхэлжээ.
Уг этгээд 30 орчим настай бөгөөд охиноо хүчирхийлээд зогсохгүй эхнэрээ ч байнга хүчирхийлдэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээд байсан байж болзошгүйг цагдаагийн байгууллага баримтжуулан шалгаж байгаа юм байна.
