
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд нийслэл, аймаг, сум, сум дундын нийт шүүхүүдийн шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, ажлын байр, ажиллах нөхцөлтэй танилцлаа.
Энэ үеэр мөн нийслэл болон орон нутгийн шүүхийн захиргааны албан хаагчдыг мэргэшүүлэх чиглэлээр хэсэгчилсэн болон бүсчилсэн сургалт явуулав. Энэхүү сургалтыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг дэмжлэг үзүүлж хамтран зохион байгуулсан юм.
Танилцах арга хэмжээний зорилго нь Зөвлөл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шинээр бүрдсэн эхний дөрвөн сард хийсэн ажил, бодлого шийдвэрийнхээ талаар шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдад танилцуулж, хэрэгжилтийг хангах талаар арга зүйн зөвлөгөө өгөх, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг ханган ажиллах нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, энэ талаар цаашид хийх ажил, авах арга хэмжээний талаар тэдний санал хүсэлтийг сонсох явдал байв.
Шүүхийн ерөнхий зөвлөл 2021 онд батлагдсан Шүүхийн тухай хуулийн дагуу боловсруулж батлах ёстой 50 гаруй бодлогын баримт бичиг, дүрэм, журмын хамгийн ач холбогдол бүхий 70 гаруй хувийг батлан мөрдүүлж эхэлсэн бөгөөд тэдгээрийг Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийн шинэтгэлийн үзэл баримтлалд нийцүүлэн хэрэгжүүлэх ажлын явцтай нэгж болгонд хүрч танилцаж арга зүйн туслалцаа үзүүллээ.
Мөн шүүн таслах ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах бүх талын нөхцөлөөр хангахад цаашид ямар асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлж зөвлөлдлөө.
Шүүхийн захиргааны албан хаагчид сургалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж цаашид сэдэвчилсэн мэргэшүүлэх сургалтыг энэ байдлаар тогтмолжуулахыг санал болгож байлаа.
Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар Монгол Улсын Их Хурлын 2021 оны 03 дугаар тогтоолын дагуу тэдний цалинг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар ойрын хугацаанд шийдвэрлэж өгнө гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ ажлын ачааллаас болж ихэнхдээ илүү цагаар ажиллахад хүрдэг гэдгээ тайлбарлаж байв.
Шүүгчид болон шүүхийн тамгын газруудын удирдлагын зүгээс шүүхийн байр, ажиллах нөхцөл хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсныг газар болгонд танилцуулж, бодит байдлаа үзүүлж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах хэмжээнд стандартын шаардлага хангасан байраар шүүхийг жигд хангах талаар зориудын бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг илэрхийлж байлаа.




