
АНУ-ын Тагнуулын төв байгууллагын дарга Уильям Бёрнс Ерөнхийлөгч Владимир Путин Украинд цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй гэж анхааруулав. Тэрээр ОХУ-ын Украиныг эзлэн авах төлөвлөгөө бүтэлгүйдсэн тул цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй гэжээ.
Уильям Бёрнс Жиоржиагийн Технологийн их сургуулийн оюутнуудтай уулзаж, тэдний асуултад хариулахдаа энэ таамаглалаа хэлсэн байна. ОХУ дайн эхлүүлснээс хойш Бёрнс анх удаа энэ талаарх дүгнэлтээ хуваалцжээ. Тэрээр “Бид маш их санаа зовж байна. Ерөнхийлөгч Жо Байден энэ эрсдэлээс болон Дэлхийн гуравдугаар дайн гарахаас сэргийлэхээр оролдож байна” гэжээ.
ОХУ ойрын зайд пуужингаар хөөргөх, тактикийн 2000 цөмийн зэвсэгтэй.
Эх сурвалж: BBC
