
Тагнуулын байгууллагаас өчигдөр /2022.04.05/ өмгөөлөгч Б.Баасанцогтыг гэрээс нь саатуулсан. Түүнийг шүүгч нарыг авлигадаж, бусдын даалгавраар хэн нэгнийг хэлмэгдүүлсэн байж болзошгүй гэж үзэн өнгөрсөн оноос эхлэн мөрдөж шалгаж, данснаас нь хууль, хүчнийхэнд мөнгө шилжүүлдэг байсан баримт, нотолгоог олсон байдаг.
Тодруулбал, Б.Баасанцогтын данснаас нэр бүхий 11 шүүгчид 2017 оны долдугаар сараас 2011 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд нийтдээ 47 сая төгрөг шилжүүлсэн баримт хэвлэлээр дэлгэгдсэн. Жишээ нь, Ерөнхийлөгч Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан М. Отгонжаргалын хувьцаа эзэмшдэг “Юнайтед белаз машинери” ХХК-иас Б.Баасанцогт руу 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт ил болсон.
Б.Баасанцогтыг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын даалгавраар ажиллаж, бусдыг авлигадах, хилс хэргээр ял өгөхөд зуулчилдаг байсан тухай ч баримтууд дэлгэгдсэн. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар өнгөрөгч онд чуулганы хуралдаанд “Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхраас шүүгч нар хэнд, хэдэн жилийн ял өгөх үүрэг даалгавар авдаг ёсыг бид халж чадсан шүү. Шүүхийн тухай хууль, авлигын эсрэг хуулиудыг өргөн барьснаас хойш Ерөнхийлөгчийн зүгээс энэ хуулиа тат гэсэн дарамт, шахалт үзүүлж байсан ч сөрж зогссон” хэмээн хэлж байсан удаатай. Үүний дараа М.Энхсайхан, Д.Ганболд, С.Баяр, С.Баярцогт нарын улс төрийн хилс хэргээр ял шийтгэл авсан хүмүүст яллах тогтоол уншсан Ц.Насанбат прокурортой Төрийн ордны гурван давхарт уулзаж байгаа зураг нь олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ.
Харин өнөөдөр /2022.04.06/ Тагнуулын Ерөнхий газраас нэгэн ноцтой мэдээлэл хийсэн нь нэр бүхий 5 иргэн олон тооны буу зэвсэг нөөцөлж, улс төрч, төрийн албан хаагчдын амь насанд халдахаар заналхийлж байсныг ил болгов.
Энэ үеэрээ “Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан галт зэвсэг дунд Б.Баасанцогт нарын этгээдийн эзэмшлийн галт зэвсгүүд илэрсэн учраас тухайн гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй гэсэн үндэслэлээр сэжигтнээр баривчилсан” гэлээ.
