
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулав.
Энэ үеэр түүнээс ДЦС-4-т гуравдугаар сарын 1-нд гарсан үйлдвэрлэлийн ослын талаар сэтгүүлч тодруулав. Сайд тус станцын ээлжийн ажилтан үзлэгийн үед эвдэрсэн тоног төхөөрөмжийг засах явцдаа өндөр хүчдэлд цохиулан амиа алдсан, эрчим хүчний салбарын ажиллагсад маш эрсдэлтэй нөхцөлд ажилладаг, бид энэ ослыг нуугаагүй. Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэдэг байгууллага бий гэв. Цагдаагийн байгууллага давхар шалгаж байна. Ажил олгогч болон ажилтны буруутай үйлдлийн улмаас үйлдвэрлэлийн осол гарсан. Ослыг мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж байна гэв.
Мөн ДЦС-4-ийн захирал Ү.Төмөрхуяг ажлын байрандаа согтуу байсан, ажилчидтай зүй бусаар харилцдаг гэсэн иргэний гомдлын талаар Н.Тавинбэх сайдаас тодруулав.
Тус станцын Үйлдвэрчний эвлэлийн дарга Ү.Төмөрхуяг даргын зохисгүй үйлдлүүдийг баталжээ. Н.Тавинбэх сайд “Бид энэ гомдлыг хүлээн авсан. Өнгөрсөнд болж өнгөрсөн үйл явдал тул хуулийн байгууллага, шүүхэд хандахыг бид зөвлөсөн. Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн маргааныг зохицуулах тогтолцоо манай улсад бий. ДЦС стратегийн ач холбогдолтой, үйл ажиллагаа нь огт тсалдаж болохгүй. Яам ажлын хэсэг байгуулан шалгаж байна. Хуулийн байгууллага дүгнэлтээ гаргасны дараа бид гүйцэтгэх захиралтай хариуцлага тооцох, эсэхийг шийднэ” гэж хариуллаа.
эх сурвалж: gogo.mn
