ОУХМ А.Батцэцэг чөлөөт бөхийн 23 хүртлэх насны буюу “U-23” ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 58 кг-д мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр дэлхийн аваргын алтан медалийн төлөө дэлхийн хошой аварга Японы тамирчин Юзүрү Күманотой барилдан 1:6 гэсэн оноогоор ялагджээ. Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Польшийн Быдгош хотод болж байгаа бөгөөд эхний өдөр эмэгтэйчүүдийн 55, 58, 63, 75 кг жингийн барилдаан болсон юм. Энэ өдөр /2017.11.23/ монголын дөрвөн эмэгтэй хүч үзсэнээс 58 кг-д 2014 оны дэлхийн залуучуудын болон Ази тивийн аварга, 2011 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, АТАШТ-ий алт, 2015 оны Иван Ярыгины “Алтан Гран при”-гийн мөнгө, 2014, 2017 оны хүрэл, Чувашийн Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын нээлттэй тэмцээний мөнгө, хүрэл, Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит ОУТ-ий алт, “Mongolia Open” ОУТ-ий нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл, насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгөн медальт, “Хасу-Мегастарс” клубын тамирчин ОУХМ А.Батцэцэг ийнхүү мөнгөн медаль хүртэв.

