Японы мэргэжлийн сүмогийн 2026 оны отгон башё болох Кюүшү башё 15 өдрийн турш үргэлжилсэн өрсөлдөөний эцэст өндөрлөлөө. Монгол бөхчүүд нэг зиндаанд түрүүлж, хоёр зиндаанд үзүүрлэн амжилттай барилдав.
Энэ удаагийн башёд Монголын 24 бөхөөс хоёр нь өнжиж, 18 бөх качикоши буюу давсан барилдаантай өндөрлөсөн бол дөрөв нь макэ-көши болов.
Макүүчи зиндаанд озэки Киришима Б.Лхагвасүрэн 10 даваа авч, 2026 оны турш нийт 65 даваагаар оны хамгийн олон даваатай бөхөөр шалгарчээ. Харин 42 настай Тамаваши Б.Мөнх-Оргил мөн 10 даваа авч, дайчин бөхийн шагнал хүртсэн нь башёгийн онцлох үйл явдлын нэг байлаа.
Рагчаа гарьдын хүү Асахакүрюү Р.Жамъянтогтох 11 даваа авсан бол Дархан аварга Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц 8 даваатайгаар 11 башё дараалан качикоши хийсэн амжилтаа үргэлжлүүлэв.
Жүрёо зиндаанд Чиёошома Г.Мөнхсайхан 8 даваа авч, ирэх оны эхний башёд макүүчи зиндаанд барилдах эрхээ баталгаажууллаа. Харин шинэ сэкитори Асахифүжи Б.Очирсайхан 13 даваа, хоёр унаатайгаар үзүүрлэсэн бол Тамашохо Э.Энхманлай 10 даваа авсан байна.
Түүнчлэн Санданмэ зиндаанд Ваканофүжи Т.Бөхчулуун 7:0 амжилтаар түрүүлж, Жонидан зиндаанд Жошоюү А.Сосорхүү 7:0 амжилтаар нэмэлт барилдаанд ялагдан үзүүрлэжээ.
Харин макүүчи зиндаанд мэргэжлийн сүмогийн 75 дахь ёкозүна Оносато долоо дахь түрүүгээ хүртэж, эзэн хааны цомыг өргөлөө.
Бэртэлтэй байсан ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн 9 даваа, 6 унаатайгаар башёг дуусгасан бол Монголын залуу бөхчүүд дээд зиндаанд өөрсдийн байр сууриа бататгасан амжилттайгаар 2026 оныг үдэж байна.
