ХХААХҮЯ салбарын анхан, дунд шатны байгууллагуудын бүтцэд өөрчлөлт оруулж, удирдах албан тушаалтны орон тоог цомхотгох чиглэл баримталж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартай цахим уулзалт хийж, салбарын бүтэц, орон тоо, зохион байгуулалтын шинэчлэлийн талаар санал солилцлоо.
Энэ хүрээнд аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн газрын бүтцийг шинэчлэхдээ хэлтсийн дарга нарын орон тоог цөөлж, харин бодит ажил хариуцдаг мэргэжилтнүүдийн тоог нэмэгдүүлэх зарчим баримталж байгаа аж.
Бүтцийн өөрчлөлтөд өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдийн бүсчилсэн уулзалтын үеэр малчид, мэргэжилтнүүд болон бизнес эрхлэгчдийн гаргасан саналыг тусгажээ.
Мөн ирэх онд “Нутагтаа эзэн 100:1000” хөтөлбөрийг 160 гаруй багт үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнээс гадна “Шинэ цагийн малчин”, “Үхэр” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, үр дүнд хүргэхэд анхаарахыг сайд Ц.Идэрбат онцоллоо.
Түүнчлэн малын эрүүл мэндийг хамгаалах хүрээнд шүлхийн вакциныг дотооддоо үйлдвэрлэж, дотоодын хэрэглээгээ бүрэн хангах чиглэлээр ажиллаж байгааг мэдээлэв.
Одоо анхаарал татаж буй гол асуудал нь бүтцийн өөрчлөлт бодит ажил хийдэг мэргэжилтнүүдийн хүрэлцээг нэмэгдүүлж, малчдад хүрэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг хэрхэн сайжруулах вэ гэдэг юм.
