Прокурорын байгууллагаас танилцуулсан мэдээллээр 2026 оны есдүгээр сарын байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, мөн хуулийн 20.8 дугаар зүйл Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах хэрэгт нийт 398 хүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 270 хүнд холбогдох 184 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 33 хувиар өсчээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт 398 хүнийг яллагдагчаар татсанаас дийлэнх буюу 52 хувь нь 18-30, 44 хувь нь 31-44 насны иргэд байгаа бол, 15 хувь нь эмэгтэйчүүд байна.
Тухайлбал, энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн прокурорын газар, Хар тамхитай тэмцэх албатай хамтарч мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг дээшлүүлэх зөвлөгөөн зохион байгуулж, үр дүнг улирал бүр тооцон ажиллаж байгаа аж. Мөн прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг тогтмол судалж, тодорхой арга хэмжээ авч байна.
