Йемений Перим арал дээр хөл тавьсан хэн бүхэнд түүхийн нэг хэсэг болсон мэт мэдрэмж төрдөг. Тус арлын элсэрхэг, хад чулуурхаг, сарны гадаргуу мэт янз байдал нь өөр ертөнц мэт мэдрэмжийг хүмүүст төрүүлдэг аж.
Гэвч сүүлийн үед тус арал байршлаасаа шалтгаалаад геополитикийн мөргөлдөөний төв болоод байна. Перим арал нь Баб эль-Мандебын хоолойд оршдог. Ираны дайнаас улбаатайгаар Ормузын хоолой хаагдсан учир геополитикийн зангилаа бүс болох Перим арлын ач холбогдол мэдэгдэхүйц нэмэгдээд байгаа юм. Саудын Араб л гэхэд эрчим хүчний нийлүүлэлтээ хэвийн үргэлжлүүлэх, үнийн өсөлтийг хязгаарлахын тулд газрын тосны экспортоо Улаан тэнгисийн чиглэлд шилжүүлжээ.
Үүнтэй зэрэгцээд Ираны бүс нутаг дахь хамгийн хүчирхэг холбоотон болох Йемений Хусит босогчид Перим арлыг хяналтдаа авахаар хөдөлж эхлээд байна. Хэрэв тэд арал дээр хяналтаа тогтоовол Улаан тэнгисээс гарах энэ нарийн гарцаар дамжин өнгөрөх хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг зогсоох боломжтой болно. Эх сурвалжуудын мэдээлснээр, хуситууд Перим арлын хойд хэсгээс 80 орчим км зайд орших стратегийн чухал хот Мохаг эзлэхийн тулд давшилт хийж байна.
Ийм дүр зураг энд олон зууны турш давтагдсан байх магадлалтай. Учир нь Африкийн эвэр буюу Сомалийн хойг, Арабын хойг хоёр хамгийн ойртож очдог цэг нь Баб эль-Мандебын хоолой юм. Тиймээс тус арлын байршил нь үе үеийн эзэнт гүрэн, бүс нутгийн хүчнүүдийн хувьд стратегийн ач холбогдолтой, үнэ цэнтэй байсаар иржээ
Йемений иргэний дайн нь 10 гаруй жилийн турш алслагдсан бүс нутгийн мөргөлдөөн мэт харагддаг байлаа. Гэвч Ираны дэмжлэгтэй Хусит босогчид Улаан тэнгисийн эрэг рүү чиглэсэн довтолгоогоо эхлүүлснээр салхи нөгөө тийш эргэлээ.
Перим төвтэй Йемен улс өдгөө АНУ, Ираны мөргөлдөөний өөр нэг боломжит фронт болоод байна.
Йемений нийслэл, баруун хойд хэсгийн өргөн уудам нутаг болон арлын хойд хэсэгт орших Улаан тэнгисийн эргийн ихэнх нутгийг одоогийн байдлаар хуситууд хянадаг.
Баб эль-Мандебын хоолойг Ормузын хоолойг жижиг хувилбар ч гэлцдэг. Түүхээс харвал, Баб эль-Мандебын хоолой нь Ираны Трампын засаг захиргаанд эдийн засаг, улс төрийн дарамт үзүүлэх дараагийн цэг болж магадгүй. Хэрвээ ийм зүйл болвол газрын тосны үнэ өсөж, арваннэгдүгээр сард болох АНУ-ын завсрын сонгуулийн өмнө Бүгд найрамдах нам нэр хүндээ алдах магадлалтай.
Хуситууд Перим арлыг бүрэн эзэлвэл тэднийг гаргахын тулд олон улсын ч юм уу асар том хүчин шаардлагатай гэдгийг Йемений засгийн газрын дэд ерөнхийлөгч Тарик Салех хэлжээ.
Салех нь огцорсон ерөнхийлөгч Али Абдулла Салехийн ач хүү бөгөөд өмнө нь хуситуудын холбоотон байсан нэгэн. Түүний байр суурь Йемений улс төрийн зүтгэлтнүүдээс арай өөр. Бусад олон удирдагч эх орноосоо дүрвэж байхад Тарик Салех л ганцаараа улсдаа өнөөг хүртэл байгаа юм.
Баб эль-Мандебын хоолой орчимд нөхцөл байдал эрсдэлтэй болж эхэлсэн тул газрын тосны тээврийн хэмжээ аль хэдийнэ эрс буурчээ. Гурван жилийн өмнө дэлхийн далайгаар тээвэрлэгддэг газрын тосны ойролцоогоор 10 хувь нь тус хоолойгоор дамждаг байсан. Одоогоор энэ хэмжээ тал хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд хуситуудын кампанит ажил урт хугацаанд үргэлжилбэл улам л багасах магадлалтай.
Йемений загасчид ч мөн Хуситуудын дроны халдлагын хохирогч болж байна. Дроны халдлагын улмаас олон хүн амь үрэгдэж, шархадсан учир Перим арлын хойд хэсэгт орших өөр жижиг арлаас загасдыг нүүлгэн шилжүүлсэн тохиолдол ч байгаа аж.
Түүнчлэн Улаан тэнгисийн эрэг дээрх засгийн газрын хяналтад байдаг хамгийн хойд талын томоохон хот Моха боомт хүнд цохилтод өртөөд байна. Худалдааны хөлөг онгоцууд боомт дээр ачаагаа буулгаж байх үед хуситууд 30 орчим пуужингаар халдсан хэрэг саяхан гарчээ. Тэр өдөр 16 хүн амиа алдаж, 22 хүн шархадсан байна. Мөн зургаан худалдааны хөлөг онгоц живж, 14 мянган мотоцикл устсан байна.
Хэрэв хуситууд Перим арлыг эзэлж, Баб эль-Мандебын хоолойд байр сууриа бэхжүүлбэл, хөлөг онгоцнуудад заналхийлэхийн тулд холын тусгалын зэвсэг ашиглах шаардлагагүй. Тэд Ираны Ормузын хоолойд авсан арга хэмжээтэй адилаар хоолойд мина тавина гэж үзэж байна.
Хуситуудыг дарахгүй бол ирээдүйд төлөөс нь асар өндөр байна гэдгийг Йемений засгийн газрын дэд ерөнхийлөгч Тарик Салех анхааруулжээ. Энэ төлөөс зөвхөн Йеменд хамаарахгүй. АНУ-ын арми, олон улсын хамтын нийгэмлэг, олон улсын худалдаа бүгд адилхан төлөөсийг нь төлнө гэж анхааруулж байна.ЭХ СУРВАЛЖ: CNN
