Өлсгөлөнд нэрвэгдсэн Хойд Солонгосын ард түмэн амь зогоохын тулд дорго, бар зэрэг амьтан агнаж байгааг сүүлийн үеийн тайланд дурджээ. Их Британи, Норвегийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харвал, тус улсад зэрлэг амьтдыг арьс, үс, махны зориулалтаар өсгөж байна. Мөн яс, сарвуу, хатаасан эд эрхтнийг нь уламжлалт эмчилгээнд ашигладаг. Үүнээс болоод ховордсон ан амьтад устах аюулд ойрхон байгааг тайланд дурджээ.
1991 онд ЗХУ задран унахад Хойд Солонгосын эдийн засаг ч хүнд байдалд орсон. Энэ үеэс хойш иргэд хоол хүнс, эм тариа болон бусад үндсэн хэрэгцээгээ төрд найдах боломжгүй болсон тул зэрлэг ан амьтдын бүтээгдэхүүнд суурилсан хар зах зээл хөгжиж эхэлжээ. Тухайн үед өлсгөлөнгөөр 600 мянгаас нэг сая орчим хүн өлсгөлөнгөөр нас барсан гэдэг.
Хойд Солонгосын Хятадтай хиллэдэг хэсэгт Сибирийн бар элбэг байдаг. Тиймээс заримдаа хил даваад, Хойд Солонгос руу орж ирэх нь ч бий.
Дөрвөн жил үргэлжилсэн судалгааны ажилд оролцсон судлаач Жошуа Элвес Поуэлл хэлэхдээ “Хойд Солонгост зараанаас том хэмжээтэй бараг бүх хөхтөн амьтныг ахуйн болон худалдааны зорилгоор барьдаг. Дархан цаазтай амьтдыг хүртэл хил давуулан худалддаг” гэсэн юм.
Хойд Солонгос нь дэлхийн хамгийн тусгаарлагдмал улс учир тэнд судалгаа хийх боломж бараг байхгүй. Иймд судлаачид өмнө нь цэрэг, анчин, худалдаачин, зэрлэг ангийн хэрэглэгч байсан 42 дүрвэгчээс яриа авсан аж.
Дашрамд дурдахад, Хойд Солонгос бол Ховордсон зэрлэг амьтан, ургамлын төрөл зүйлийн олон улсын худалдааны тухай конвенцид нэгдээгүй дэлхийн цөөхөн орны нэг юм. “Biological Conservation” сэтгүүлд дурдсанаар, Хойд Солонгост агнаж буй олон ан амьтан Ховордсон зэрлэг амьтан, ургамлын төрөл зүйлийн олон улсын худалдааны тухай конвенцийн эмзэг төрөл зүйл гэсэн ангилалд багтдаг.
