
Энэтхэг улс Оросын нефтийн худалдан авсан тул 25 хувийн татвар нэмж ногдуулах зарлигт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурлаа. Ингэснээр Энэтхэгээс АНУ-д импортлох нийт татвар 50 хувьд хүрч байна. Шинэ тариф 21 хоногийн дараа хэрэгжиж эхлэх юм. Энэтхэгийн Гадаад хэргийн яамнаас Оросоос импортлох барааны талаар байр сууриа тодорхой илэрхийлсэн бөгөөд тарифыг “шударга бус, үндэслэлгүй,” гэж тодорхойлжээ. “Тиймээс бусад хэд хэдэн улс өөрсдийн үндэсний ашиг сонирхлын үүднээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ төлөө АНУ Энэтхэгт нэмэлт татвар ногдуулахыг сонгох нь туйлын харамсалтай байна. Энэтхэг улс үндэснийхээ эрх ашгийг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах болно” гэж мэдэгдэлд дурдсан байна. АНУ-ын ерөнхийлөгч өмнө нь татвараа нэмэхээ анхааруулж, “Оросын дайны машин Украинд хичнээн хүнийг хөнөөж байгаа нь Энэтхэгт хамаагүй” гэж буруутгажээ.
Цагаан ордон Лхагва гаригт мэдэгдэл хийж, “Оросын Украин дахь үйл ажиллагаа нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод байнгын заналхийлэл учруулж байгаа тул үндэсний онц байдлын эсрэг илүү хүчтэй арга хэмжээ авах шаардлагатай байна” гэсэн байна. Мөн Энэтхэг Оросын нефтийн импортлох нь Украин дахь Оросын үйл ажиллагааг эсэргүүцэх АНУ-ын хүчин чармайлтыг сулруулж байна гэжээ. Газрын тос, байгалийн хий нь Оросын хамгийн том экспортын бүтээгдэхүүн бөгөөд Москвагийн хамгийн том үйлчлүүлэгчид нь Хятад, Энэтхэг, Турк юм.
