
Хятадын 155 цэрэг ОХУ-ын хүчинтэй нэгдэн Украины эсрэг тулалдаж байгааг Киевийн тагнуулын байгууллага мэдээлжээ. Хоёр хятад цэрэг Украины армид баривчлагдсаны дараа энэ мэдээлэл цацагдав. Зеленскийн мэдээлснээр хятад иргэд цахим сүлжээн дэх зарын дагуу Оросын армид элссэн аж.
“Бид мэдээлэл цуглуулж байгаа, илүү олон цэрэг байгаа гэдэгт нь итгэлтэй байна. Тэр хүмүүс Москвад ирээд, 3-4 өдөр зарцуулж, эрүүл мэндийн үзлэгт ордог. Тэгээд 1-2 сар сургалтад хамрагдсаны эцэст Украины нутаг дэвсгэрт тулалдаж байгаа” гэж Зеленский хэлэв. Хятад цэргүүд Украинд ирсэн нь Бээжингийн албан ёсны бодлоготой холбоотой гэж бодож байгаа эсэхийг нь түүнээс асуухад “Үүнд өгөх хариулт одоогоор алга. Украины аюулгүй байдлын алба үүн дээр ажиллаж байна. Хэн нэгэн тушаал өгсөн гэж бид хэлсэнгүй, тийм мэдээлэл бол алга” гэв.
Тэгвэл Хятадын тал үүнийг эрс эсэргүүцэж байна. Тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лин Жиан хэлэхдээ “Хятад иргэд Украинд тулалдаж байна гэдэг мэдээлэл ямар ч үндэслэлгүй. Хятадын засгийн газар ард иргэддээ мөргөлдөөнтэй газраас хол байж, оролцохоос зайлсхийх хэрэгтэй гэж үргэлж зөвлөдөг” гэжээ.
Украины аюулгүй байдлын агентлагийн мэдээлснээр тэдгээр хятад цэрэг хамгийн доод зэрэглэлийн алба хашиж байна. Мөн гэрээ, баримт бичгүүд нь ихэвчлэн 2024 он гэсэн огноотой, өөр өөр анги нэгтгэлүүдэд хийгдсэн байжээ.
Дайн эхэлснээс хойш Их Британи, АНУ зэрэг улсын иргэд засгийн газрынхаа сэрэмжлүүлэг, зөвлөгөөг үл тоон Украины талд сайн дураар тулалдсан байдаг. Украины Элчин сайдын яамдууд гадны иргэдийг армидаа элсүүлэх ажилд оролцдог байсан гэж “CNN” өмнө нь мэдээлж байв.
Мягмар гаригт олзлогдсон хоёр хятад цэргийн тухайд украин цэргүүдээр солилцоход бэлэн гэдгээ Зеленский хэлжээ.
Хоёр цэргийн нэг нь “Хятад дахь зуучлагчид 300 мянган рубль төлж байж, Оросын армид элссэн” гэжээ. Түүний зорилго нь төрийн алба хааж, цаашлаад ОХУ-ын иргэншил авах байсан гэв. Тухайн цэрэг Луганск мужид өөр хятад иргэдтэй хамт сургалтад хамрагдсан байна. Тэрбээр жуулчин нэрийн дор Орост нэвтэрсэн боловч армид элсэх санаа зорилгыг нь гэрийхэн нь мэдэж байжээ. Түүнчлэн цэргүүдэд анхан шатны сургалт орохдоо хэлмэрчгүйгээр зөвхөн дохио зангаа, орчуулгын прогам л ашигласан аж.
ЭХ СУРВАЛЖ: CNN
