
Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт байрлах Таня нуурын төмрийн хүдрийн уурхайг 2007 оноос эхлэн “Алтайн хүдэр” ХХК ажиллуулж эхэлсэн. Тус компани уурхайгаас баяжмал олборлон тээвэрлэхдээ БНХАУ-н Бургастайн боомт хүртэлжх 168км замыг, авто зам болгоно гэсэн амлалтаа биелүүлээгүйн улмаас байгаль орчинд их хэмжээний хохирол учирсан. УДШ-н иргэний хэргийн танхим Р.Базарын “Алтайн хүдэр” ХХК-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэжээ, Байгаль орчинд учруулсан хохиролдоо нийт 10 тербум, 800 сая төгрөгийн нөхөн олговол төлөхөөр болсон байна. УДШ “Алтайн хүдэр” ХХК Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн үндсэн зорилготой нийцүүлэн, хүний үйлдлийн улмаас гэмтэж, доройтсон байгаль орчин, ургамал, амьтан, ус, газрын хэвлий, хөрс, экологийн орчин анх байсан тэрхүү төрхөөрөө эргэн төлжих боломжгүйг анхаарах шаардлагатай гэж үзэн хэд хэдэн үндэслэлээр шийдвэрээ гаргасан байна.
Үүнд:
1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д байгаль орчинд учруулах хохирлын бүрдлийг, мөн зүйлийн 4-т хохирлын хэмжээг хэрхэн тодорхойлох аргачлалыг тогтоосон байх ба хариуцагч нь гэрээ, холбогдох бусад баримт бичигт заасан хугацаанд төмрийн хүдрийг хүнд даацын автомашинаар тээвэрлэн зөөх хатуу хучилттай авто замыг барих үүргээ биелүүлээгүйн улмаас байгаль орчинд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон.
2. Байгаль орчинд учруулсан хохирлыг хэмжээг тодорхойлохдоо эрх бүхий этгээдээс баталсан аргачлалын дагуу мэргэшсэн үнэлгээчний тогтоосон экологи-эдийн засгийн үнэлгээг 2-5 дахин нэмэгдүүлж байгаа нь гэм хорын эрх зүй дэх бодит хохирлыг арилгуулах ерөнхий хандлагаас ялгаатай гэж үзжээ.
3. Анхан шатны шүүх байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоохтой холбоотой Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
