
ОХУ Украины дэд бүтцэд цохилт өгөхгүй гэж амласан ч бусад агаарын довтолгоогоо зогсоохгүй бололтой. Баасан гаригт ОХУ Одесса хот руу нисгэгчгүй онгоцоор цохилт өгөв. Цохилтод өндөр байшин, худалдааны төв болон дэд бүтцийн хэд хэдэн объект өртжээ.
Мөн энэхүү агаарын цохилт нь Чехийн ерөнхийлөгч Петр Павелын айлчлалтай давхцав. Мужийн захирагч Олег Кипер “Бидний уулзалтын үеэр дайсан Одесса муж руу томоохон довтолгоо хийлээ” гэж телеграмдаа бичжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Трамп дайтагч талуудтай тус тусад нь ярилцсанаар хязгаарлагдмал гал зогсоох нөхцлийг хэн хэн нь зөвшөөрсөн. Ирэх долоо хоногт талууд Саудын Арабт дахин хэлэлцэхээр төлөвлөөд буй. Бодит гал зогсоох хэлэлцээр хэрхэн, хэзээ хүчин төгөлдөр болох нь одоогоор тодорхойгүй хэвээр.
Энэ хугацаанд талууд харилцан цохилт өгч, бие биеэ амлалт зөрчлөө гэж буруутгасан байр суурьтай байна. Тухайлбал, Украин Мягмар гаригийн шөнө ОХУ-ын газрын тосны байгууламжид, ОХУ мөн өдөр Украины Сумы муж дахь эмнэлэгт цохилт өгчээ. Түүнчлэн Баасан гаригийн өглөө Оросын байгалийн хийг Украинаар Европ руу дамжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг шахуургын станц шатжээ. Энэ хэрэгт талууд мөн л хоёр биеэ буруутгаж байна. ОХУ-ын хувьд Украиныг байгууламжид цохилт өгсөн гэж буруутгасан бол Украины тал “Бид хариуцлага хүлээхгүй. ОХУ өөрсдөө удаа дараа буудсан” гэж мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN
