
АНУ-ын Боловсролын яамыг хэсэгчлэн татан буулгах тухай захирамжид ерөнхийлөгч Дональд Трамп Пүрэв гаригт гарын үсэг зурлаа. Ингэснээр боловсролын асуудлыг тухай тухайн муж улс нь өөрсдөө хариуцах болж байгаа бөгөөд үүнийг боловсролын салбарын мэргэжилтнүүд сайшааж байна.
АНУ-ын Боловсролын яамыг ерөнхийлөгч агсан Рональд Рейганы үед анх үүсгэн байгуулж байв. Тус яамыг татан буулгахын төлөөх олон 10 жилийн консерватив хүчин чармайлтыг Трамп онцлоод “Өнөөдөр бид 45 жил үргэлжилсэн түүхэн арга хэмжээг авч байна” гэжээ.
Эцэг эхийн боловсролыг хамгаалах байгууллагын ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч Николь Нейли “Энэ улсын боловсролын тогтолцоог эргэн харах цаг болсон. Бүтэлгүй тогтолцоог бид үргэлжлүүлэн дэмжээд байх боломжгүй. Тоо худлаа хэлдэггүй. Сүүлийн 45 жилийн хугацаанд нэг сурагчид ногдох зардал огцом өссөн атал амжилт нь эрс буурсан. Статус кво гэдэг зүйл америк хүүхдүүдийг бүтэлгүйтүүлж, хүнд сурталтнууд, идэвхтнүүдийн халаасыг дүүргэхээс өөр зүйл хийсэнгүй” гэжээ.
Трамп энэ шийдвэрээрээ боловсролын талаарх сонгуулийн кампанит ажлынхаа амлалтаа биелүүлж эхэлж буйг тус улсын Хүүхдийн холбооны гүйцэтгэх захирал Томми Шульц хэлэв.
Боловсролыг хүнд сурталтнууд бус эцэг эх, орон нутгийн иргэд өөрсдөө хариуцах гайхалтай боломжтой боллоо гэж олон хүн үзэж байна.
Цагаан ордон Трампийг гарын үсэг зурахын өмнө Боловсролын ахиц дэвшлийн үндэсний үнэлгээгээр оюутнуудын шалгалтын дундаж оноо муу байгааг танилцуулаад энэ нь яам үр дүнтэй ажиллаж чадахгүй байгаагийн жишээ гэжээ. “Боловсролын ахиц дэвшлийн үндэсний үнэлгээ нь үндэсний хямралыг дагуулж байна. Хүүхдүүд хоцрогдолтой байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ардчилсан намынхан олон сая насанд хүрээгүй хүүхдийг хууль бусаар АНУ-д нэвтрүүлсэн. Энэ нь сургуулийн нөөцийг дүүргэж, америк оюутнуудыг анхаарлаас гадуур үлдээсэн” гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Харрисон Филдс хэлжээ.
Энэ удаагийн шийдвэр нь бүрэн татан буулгалт биш гэдгийг анхаарах нь зүйтэй. Олон тэнхим бүрмөсөн алга болох боловч зарим санхүүжилт, хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад зориулсан хөтөлбөр, тэтгэлэг зэрэг нь хэвээр үлдэх юм.
ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS
