
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр /2025.03.19/ “Ноорог” медиагийн залуусыг цагдаагийн байгууллагаас саатуулж, мэдүүлэг авсан асуудалтай холбогдуулж мэдээлэл хийх үеэрээ “9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоом энэ пэйжтэй холбоотой шалгагдаж байгаа этгээдийн зургаан дансаар дамжин гүйлгээ хийгдсэн” гэж мэдэгдсэн. Иймээс бид “Ноорог” медиагаас энэ талаар тодруулахыг хүсэхэд “Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн мэдэгдэлтэй холбогдуулан өнөөдөр хариу мэдээлэл хийнэ. Одоогоор өмгөөлөгчтэйгээ зөвлөлдөж байна, цаг тодорхой хэлэх боломжгүй байна” гэлээ.
Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийг дээрх ноцтой мэдээллийг хийсний дараа “Ноорог” медиа агентлагийг үүсгэн байгуулагч, захирал О.Уламсайхан өөрийн цахим хуудастаа уг мэдээллийг үгүйсгэв. Тэрбээр “Гар утас, компьютер ажлын хэрэгслүүдээ бүгдийг авч чадаагүй байгаа, нэг ёсондоо хувийн харилцаа холбооныхоо боломжуудыг, хаалгаад хоёр хонож байж арай гэж симээ сэргээлгэж авлаа. Одоо сошиал дээр хувь хаягаараа ч болсон бичээд явна. 9.3 тэрбум төгрөг олдог, мөрийтэй зохион байгуулдаг гээд бүтэн яамны сайд хүний ярьж байгаа юмнуудыг бол анх удаа л сонслоо. Хэрвээ тийм мөнгө олдог, эсвэл MCS-ээс лаг лаг санхүүжилт авдаг байсан бол сая 15-ны цалингаа хугацаанд нь тавьчихгүй юу хулгайч юм аа. Ямартай ч “Тогосоо Тижи” гэж амиа хорлох гээд гомдол гаргаж манайхыг бариулсан аккаунт нэг сайтын бүр жинхэнээсээ тролл хаяг байсан шүү! Юмаа авмаар байна аа” хэмээн жиргэсэн юм.
