Нью Орлеанст машинтай этгээд халдлага үйлдэж, 15 хүн нас барав

Нью Орлеанст шинэ жилийн баяр тэмдэглэхээр цугласан хүмүүсийн дундуур пикап машинтай этгээд дайран орсноор 15 хүний аминд хүрсэн хэрэг гарчээ. Амиа алдагсдаас гадна олон 10 хүн шархадсан байна. Гэмт этгээд нь АНУ-ын армийн ахмад дайчин, 42 настай Шамсуд-Дин Жаббар гэгч байсан бөгөөд цагдаа нарт буудуулж амиа алдсан. Тэрээр Исламын улс бүлэглэлийн далбаатай машин унасан байв.

Холбооны мөрдөх товчоо уг халдлагыг шалгаж байна. Мөн хэргийг Шамсуд-Дин Жаббар ганцаараа үйлдсэн гэдэгт итгэхгүй байгаа аж. Түүнийг террорист байгууллагуудтай холбоотой эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Гэмт этгээдийн машинаас буу, гар хийцийн тэсрэх бөмбөг, бусад төхөөрөмж сэлтийг олжээ.

Тухайн этгээд нь халдлага үйлдэхээсээ хэдэн цагийн өмнө цахим сүлжээнд бичлэг байршуулсан байв. Бичлэгтээ тэрээр Исламын улс бүлэглэлээс санаа авч, халдлага үйлдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Халдлагын улмаас ойролцоох “Superdome” цэнгэлдэх хүрээлэнд болох ёстой байсан коллежийн хөлбөмбөгийн плей-оффын тоглолт Пүрэв гариг хүртэл хойшлогджээ.

Мөн өдөр Хонолулу хотод болон Дональд Трампийн эзэмшдэг Лас Вегас зочид буудлын гадна тус тус дэлбэрэлт болжээ. Эдгээр нь хоорондоо холбоо хамааралтай эсэхийг Холбооны мөрдөх товчоо шалгаж байна.

Шамсуд-Дин Жаббар 2007 онд армид элссэн бөгөөд хүний ​​нөөц, мэдээллийн технологийн чиглэлээр идэвхтэй үүрэг гүйцэтгэж байжээ. Мөн 2009-2010 онд Афганистанд үүрэг гүйцэтгэсэн. Улмаар 2015 онд цэргийн албанд шилжиж, 2020 онд штабын түрүүч цолтойгоор халагдсан байна.

ЭХ СУРВАЛЖ: AP

access_time 2025-01-02 12:50

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt