
Шинэ Зеландын уугуул Маори үндэстний хаан Киинги Тухеитиа таалал төгссөний дараа түүний охин Нга Вай Хоно и те Пог хатан хаанаар өргөмжиллөө. Киингитанга буюу хааны гэр бүлийн төлөөлөгч “Шинэ хатныг Те Вхакавахинга гэгддэг өргөмжлөх ёслол болон Киинги Тухейтиаг оршуулах ёслолтой зэрэгцүүлэн суудалд нь залсан” гэжээ. Маори үндэстний хувьд хааны титэм шилжүүлэх ёслол хийдэггүй.
Хэрэв шинэ хаан эсвэл хатан сонгогдох бол 1858 оноос хойш ашиглагдаж ирсэн библиэр адислаж, нэр хүнд, ариун байдал, хүч чадал, оюун санааны тунгалаг байдлыг ерөөсөн ариун тос түрхэх зан үйл хийдэг аж.
Оршуулах ёслол болон өргөмжлөх ёслол Маори үндэстний эх газар болох Туурангаваеваед болсон. Хатан Те Вхакавахингаг ариун тосоор тосолж, өргөмжилсний дараа Тухеитиа хааныг Маори үндэстний уламжлалт салах ёслолоор үдсэн байна.
Энэ нь вака гэгдэх завиар хааныг Вайкато голоор гатлуулан Тайпири ууланд аваачиж, өмнөх хаадын бунханд оршуулах ёслол юм.
Маори үндэстний хаан эсвэл хатан нь хэд хэдэн овог буюу ивигийн тэргүүнд тооцогддог. Мөн Шине Зеландын шүүх, улс төрд эрх мэдэлгүй бөгөөд өв уламжлал, ёслолын шинж чанартай байр суурь юм. Хаан эсвэл хатан нь удам дагасан байх албагүй бөгөөд Маори үндэстний ахмадууд санал хураалтаар залгамж халааг тодруулдаг аж. Шинэ хатан хаан нь отгон хүүхэд бөгөөд хоёр том ахтай байсан тул Шинэ Зеландын иргэд тухайн ах нарын нэг нь хаан болно гэж таамаглаж байжээ.
Эх сурвалж: CNN
