Израилиас болж Герман геноцидын асуудалд оров

Герман улс НҮБ-ын геноцидын конвенцийг зөрчин, Израиль руу цэргийн техник илгээж, олон улсын тусламжийн агентлагийн санхүүжилтийг зогсоосон гэж Никарагуа буруутгаж байна. Өөрөөр хэлбэл, Израильд зэвсэг худалдах Германы хүчин чармайлтыг зогсоохыг Никарагуа НҮБ-ын Дээд шүүхээс хүсчээ.

Гэвч Герман уг нэхэмжлэлийг няцааж байна. Тийм ч учраас Мягмар гаригт Олон улсын эрүүгийн шүүхийн өмнө өөрийгөө өмгөөлжээ. 2023 онд Израилийн цэргийн техник хэрэгслийн худалдан авалтын 30 орчим хувь нь Германаас байжээ. Үүнийг мөнгөн дүнгээр үнэлбэл 300 сая евро хүрнэ.

Геноцидоос зайлсхийхийн тулд боломжит бүх арга хэмжээ авахыг Гаагийн шүүгчид энэ оны нэгдүгээр сард Израилиас шаарджээ. Мөн Хамаст хандан аравдугаар сарын 7-ны халдлагын үеэр барьцаалсан бүх хүнийг нэн даруй суллахыг үүрэг болгосон байна. Тухайн үед геноцидоос зайлсхийхийг шаардсан ч дайны галыг зогсоох талаар хэлэлцээгүй аж.

Израилийн хувьд Газын зурваст явуулж буй кампанит ажлаараа геноцид үйлдэж байна гэх буруутгалыг няцааж, өөрийгөө хамгаалах эрхтэй хэмээн нотолж байна.

Израилийн Газын зурвас дахь довтолгооны үеэр 33 мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж Хамасын удирддаг Эрүүл мэндийн яам мэдэгдээд буй. Тэдний дийлэнх нь энгийн иргэд байжээ. Мөн Газын зурваст өлсгөлөн туйлдаа хүрсэн. Нутгийн хойд хэсэгт гацсан 300 мянга орчим хүн өдөрт ердөө 245 калори авч байгааг “Оксфам” судалгааны байгууллага мэдээллээ.

Никарагуа улсын эрх баригчдын мэдээлснээр, Герман өнгөрсөн жил нийт 326.5 сая ам.доллар буюу 2022 оноос 10 дахин их хэмжээний зэвсгийг Израильд худалджээ. Энэ үйлдлээрээ тэд Израилийн дайны гэмт хэрэгтэй гарцаагүй холбогдох аж. Худалдсан зэвсгийн дийлэнхийг агаарын довтолгооноос хамгаалах систем, холбооны хэрэгслийн эд ангиуд эзэлж байна.

Гэтэл нөгөөтэйгүүр, НҮБ-ын Палестины дүрвэгсдэд туслах агентлагийн зарим ажилтныг аравдугаар сарын 7-ны халдлагад оролцсон гэх үндэслэлээр санхүүжүүлэхээ зогсоосон барууны 15 орны нэг нь Герман байв. Энэ хүрээнд Никарагуа улс зэвсгийн борлуулалтыг зогсоож, Газын зурваст үйл ажиллагаа явуулж буй олон улсын цөөн хэдэн байгууллагын нэг болох тусламжийн агентлагийн санхүүжилтийг сэргээхийг Германаас шаардахыг НҮБ-ын Дээд шүүхээс хүсчээ. Арга хэмжээ авахгүй бол Герман улс геноцидод тусалж, геноцидоос урьдчилан сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийх үүргээ биелүүлээгүй болох юм.

Шүүх хурал эхлэх үеэр Никарагуаг төлөөлж буй өмгөөлөгч Ален Пеллет хэлэхдээ “Герман улс үргэлжилсэн худалдаагаа яаралтай зогсоох шаардлагатай байна. Израильд нийлүүлсэн зэвсгийг геноцидод ашиглах эрсдэлийг Герман бүрэн ухамсарлаж байсан. Одоо ч ухамсарлаж байгаа” гэжээ.

Харин Германы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Вольфганг Бухнер “Бид Никарагуагийн нэхэмжлэлийг анхаарч байгаа. Гэхдээ үүнийг үндэслэлгүй гэж үгүйсгэж байна” гэв.

Германы төрийн зарим албан хаагч Израильд зэвсэг нийлүүлэхээ нэн даруй зогсоохыг өнгөрсөн Ням гаригт засгийн газартаа уриалсан. Тэд “Израиль Газын зурваст олон улсын хууль тогтоомжтой илт зөрчилдөж байгаа гэмт хэрэг үйлдэж байна” гэж мэдэгджээ. Канцлер Олаф Шольц Израилийн өөрийгөө хамгаалах эрхийг тууштай дэмжиж байсан ч ийнхүү дотоодын эсэргүүцэлтэй тулгарсан аж.

ИЗРАИЛИЙН АРД АСААЛТТАЙ ТАНК АНУ

Израильд зэвсэг нийлүүлдэг орнуудыг АНУ тэргүүлж байна. Стокгольмын Энх тайвны судалгааны олон улсын хүрээлэнгийн тооцоолсноор 2013-2023 оны хугацаанд Израилийн нийт зэвсгийн нийлүүлэлтийн 65.6 хувь нь АНУ-аас, 29.7 хувь нь Германаас, 4.7 хувь нь Италиас байжээ.

Үндсэндээ Израиль нь олон улсын тавцанд зэвсгийн томоохон экспортлогчид тооцогддог. Тус улсын арми сүүлийн үед импортын нисэх онгоц, алсын удирдлагатай тэсрэх бөмбөг, пуужинд ихээхэн найдлага тавьж буй.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл зэвсгийн хориг тавих асуудлаар өнгөрсөн Баасан гаригт санал хураасан. Уг санал хураалтад 28 улс дэмжсэн, зургаа нь эсэргүүцсэн, 13 нь түдгэлзсэн санал өгсөн байна. Зэвсгийн импортын дийлэнх хувийг эзэлдэг АНУ, Герман хоёр эсэргүүцсэн санал өгчээ.

Сүүлийн таван жилийн тоо баримт харвал АНУ нь Израилийн зэвсгийн импортын бараг 70 хувийг дангаараа эзэлсэн байна. АНУ-аас Израильд жил бүр 3.8 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлдэг. Энэ цэргийн давуу талаа хадгалах боломжийг холбоотон орондоо олгох гэсэн 10 жилийн гэрээний дагуу үзүүлж буй тусламж аж.

Израиль энэхүү буцалтгүй тусламжийг ашиглан “F-35” сөнөөгч онгоцны тоогоо нэмсэн. Нийт 75 онгоц захиалснаас 30 гаруйг нь Израиль хүлээж аваад байна.

Мөн тусламжийн нэг хэсэг болгож жил бүр 500 сая ам.доллараар пуужингийн довтолгооноос хамгаалах хөтөлбөрийг санхүүжүүлдэг.

ЭХ СУРВАЛЖ: BBC

access_time 2024-04-10 10:21

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt