
Хамгийн чанартай мах үйлдвэрлэдгээрээ алдартай Японы фермерүүд үхрээ Африкийн тахь шиг судалтай болгож эхэлжээ.
Тухайлбал Ямагата мужийн алдартай хар үхрүүдэд цагаан будгаар судал тавьж эхэлсэн нь цус сорогч шавжаас хамгаалах зорилготой болохыг Майничи сонин мэдээлсэн байна.
Ямагатагийн хар үхэр нь дээд зэргийн чанартай вагю махны чиглэлийн дөрвөн үүлдрийн нэг юм.
Цус сорогч шавжууд үхрийн стрессийг нэмэгдүүлснээс үржилд нь сөргөөр нөлөөлж байжээ.
Ингээр Ямагатагийн фермерүүд гурван жилийн өмнө шавжаас сэргийлэх арга замыг олуулахаар хэсэг судлаачдыг ажиллуулсан байна.
Судлаачид хар үхэрт цагаан судал тавьж, ямар үр дүн гарахыг туршжээ.
Ингэхэд судалгүй үхрүүд ялаа үргээх зорилгоор минутад дунджаар 16 удаа толгойгоо сэгсрэх, сүүлээрээ шавхуурдах үйлдэл хийж байсан байна. Гэтэл хиймэл судалтай болсон үхрүүд дунджаар таван удаа ийм үйлдэл хийж байжээ.
Судлаачид судалтай үхрүүд яагаад ялааны анхаарлыг бага татдаг талаар шинжлэх ухааны үндэслэлийг тайлбарлаж чадаагүй гэнэ.
Ямартай ч үр дүнтэй нь туршилтаар батлагдсан тул Ямагатагийн фермерүүд үхрүүдээ судалтай болгож эхэлжээ.
“Олон фермер үхрээ шавжид хазуулахгүйн тулд бэлчээрт гаргахаас зайлсхийдэг болоод байсан. Харин одоо үхрүүдийг судалтай болгосноор ийм асуудлаас салах боломжтой болж байна” гэж Ямагата мужийн хөдөө аж ахуйг дэмжих албаны төлөөлөгч Майничи сонинд ярьсан байна.
“Би эхлээд эргэлзэж байсан ч үхрийн хиймэл судал шавжаас хамгаалж байгааг нүдээрээ хараад үнэхээр гайхсан” гэж фермерүүдийн нэг ярьжээ.
Африк тивийн тахь ялаа шумуулаас өөрийгөө хамгаалах зорилгоор байгалийн шалгарлын үр дүнд арьсан дээрээ судалтай болсон гэх дүгнэлтийг өмнө нь өөр улсын эрдэмтэд гаргаж байсан юм. Энэ нь хар, цагаан алагласан өнгө ялаа шумуулуудын чиг баримжааг алдагдуулдагтай холбоотой гэсэн таамгийг тэд дэвшүүлж байжээ.
