
Энэтхэг улс бараг нэг тэрбум хүн саналаа өгөх парламентын нүсэр том сонгуулийг ирэх сард зохион байгуулах гэж байна.
Энэ нь хүн төрөлхтний хамгийн том улс төрийн сонгууль болох юм.
Зургаан долоо хоног үргэлжлэх сонгуулийн товыг өчигдөр Шинэ Дели хотод зарлажээ.
“Бид ардчиллыг улс орныхоо өнцөг булан бүрд хүргэх болно” гэж сонгуулийн төв байгууллагын тэргүүн Ражив Кумар энэ үеэр мэдэгдсэн байна.
Сонгууль долоон үе шаттай зохион байгуулагдах бөгөөд дөрөвдүгээр сарын 19-нд эхэлж, зургаадугаар сарын 1-нд өндөрлөх юм.
Саналын хуудсыг орон даяар зэрэг тоолж, зургаадугаар сарын 4-ний өдөр үр дүнг зарлах ажээ.
2014, 2019 онуудад ялалт байгуулж байсан ерөнхий сайд Нарендра Модигийн Бхаратия Жаната нам энэ удаа дахин ялахыг зорьж байна.
“Хаана ч очсон Моди гурав дахь удаагаа ерөнхий сайдаар ажиллах шинж тэмдэг тодорхой харагдаж байна” гэж Энэтхэгийн дотоод хэргийн сайд Амит Шах саяхан мэдэгджээ.
Энэтхэг улсад 970 сая хүн сонгуульд саналаа өгдөг нь АНУ, Европын Холбоо, ОХУ-ын хүн амын нийлбэрээс ч их юм.
Сонгуулийн турш нэг сая гаруй санал авах байранд 15 сая хүн ажиллахаар болсныг Энэтхэгийн сонгуулийн төв байгууллага мэдээлжээ.
