
Хаврын тэнгэр халтай гэж эрт дээр үеэс хэлж ирсэн. Чухам яагаад “хаврын тэнгэр халтай” гэх болсон учир шалтгааны талаар Монгол ардын уламжлалт ухаан судлаач, төслийн үндэсний зөвлөх С.Дамбий тайлбарлав.
Тэрбээр “Бидний эцэг, эх, эрдэмтэн мэргэд “ээ дээ хаврын тэнгэрт хууртав заа” гэж захидаг байсны шалтгаан нь нялх амьтад төллөж, эх үрс сул дорой биетэй байх үед цаг агаарын эрс тэс байдалд хууртаж, мал хорогдох үндсэн шалтгаан болдог байжээ.
Усны үер татаж, гуу жалганы хунгараас ямар нэгэн хээл нь хүндэрсэн буюу төрөөд удаагүй байгаа мал төлийг хамгаалах асуудал малчин айл өрх бүрийн амин чухал асуудал байсан байна.
Нэгэн түүх дурдвал социалист нийгмийн үед судалгааны ажил хийхээр Говь-Алтай аймгийн Цээл сумын Сэрвэнгийн нуруу гэдэг газрыг зорьж байлаа.
Хаврын дунд сар таарч төллөх дөхөж байсан хонинууд нь хургалах үеэр тэнгэр бурзагнаад унаж. Цасан шуурга намдах шинжгүй. Хонинууд нь ихэрлэж арав гаруй хурга гарснаар хурганыхаа уутанд багталгүй дүүрчхэв.
Малчин эмэгтэй арга буюу дээлээ тайлаад дараагийн төлүүдийг нөмөрсөн байна. Харамсалтай нь сүүлд гарсан хоёр төлийг хөхөндөө хавчуулан тэвэрч байгаад байгалийн гамшигт нэрвэгдэж, хэмжээлшгүй их хайр энэрлийг үлгэрлэн тэнгэрт дэвшсэн байсан.
Ийнхүү хаврын дунд сарын нойтон цас шамрах, салхи элсний нүүлт, өндөр уулын хяр, энгэр газрын жалганы ус, ар газар, гуу сувгуудын хөлөрсөн цас, мөстсөн гол горхины цөм болон үерийн урсгалуудад хүн малыг өртүүлэхгүй байхад малчид, хол ойрын ажлаар явагчид онцгой анхаарч энэ байдлаас тойрч гарах ухаанаа ивлэгэж явахыг сануулж байгаа юм” хэмээн хуучиллаа.
