
“Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх-2024” үндэсний чуулган Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордон(МҮЭСТО)-д өнөөдөр боллоо.
Энэ үеэр “Асрахуйн эдийн засаг ба эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт” сэдвээр МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний Гүйцэтгэх захирал Д.Энхжаргал илтгэл танилцуулсан юм.
Эмэгтэйчүүдийн өдөр тутам хийдэг гэрийн ажил асрахуйн эдийн засагт нэлээд жин дардаг.
Асрахуй гэдэг нь биднийг төрөхөөс эхлээд насан хутаг болох хүртэлх амьдралын мөч бүхэнд хамааралтай өргөн ойлголт.
Харамсалтай нь өнөөдрийг хүртэл харагдахгүй, сонсогдохгүй, үзэгдэхгүй байгаа учраас жин дарж байгаа асрахуйн эдийн засгийг дэлхийн улс орнууд хөгжлийн бодлого төлөвлөлтдөө оруулах тухай ярьж байгааг тэрбээр онцлов.
Түүний танилцуулсан илтгэлийг тоймлон хүргэе.
Тэрбээр “Асрахуйн ажлын 76.2 хувийг эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөр эзэлдэг. Энэ бүхэн харагддаггүй, тоогддоггүй, үзэгддэггүй, үнэлэгддэггүй.
Нэг тавгийг өдөрт хэдэн удаа угаасан нь харагдахгүй. Хоёр, гурван хүүхэд гаргаад олон жил маш үнэ хүндтэй ажил хийж байгаа ч үнэлэгддэггүй.
Асрахуйн хөдөлмөрийг бие даасан эдийн засаг гэж үзвэл дэлхийд гурав дахь том эдийн засагт тооцогддог. Зөвхөн АНУ-д гэхэд үүнийг техник, технологи, томоохон цахиурын хөндийн үйлдвэрлэл болон эмийн үйлдвэрлэлийг нийлүүлсэнтэй тэнцэх эдийн засаг гэж үздэг.
Харагддаггүй хэрнээ улс орон, гэр бүлд маш чухал дэмжлэгийг авчирдаг” гэдгийг хэллээ.
Монгол Улсад асрахуйн хөдөлмөр хэрхэн үнэлэгддэг вэ?
Манай улсад эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо сүүлийн жилүүдэд буурсаар байна. Үүнд нөлөөлөгч томоохон гурван шалтгаан байгааг Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны хөдөлмөрийн судалгаанд дурджээ.
Эмэгтэйчүүд хүүхдээ асрахын тулд ажлаасаа гардаг.
Хөгжлийн бэрхшээлтэй хүн эсвэл гэр бүлийнхээ өвчтэй аль нэг гишүүнийг асрахын тулд албан хөдөлмөрийн салбараас гарч байна.
Хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөхийн тулд ажлаасаа гардаг. Энэ бол Монголын онцлогтой холбоотой хүчин зүйл.
Хүүхдүүдийнх нь сургууль, цэцэрлэгийн цаг таарахгүй шалтгаанаар ажлаасаа гарах үзэгдэл сүүлийн жилүүдэд хадгалагдсаар.
Бид хэдэн сарын өмнө кэйс судалгаа явуулсан.
Тодруулбал Монголд 0-5 настай хүүхэдтэй ээжүүд орлого олох үйл ажиллагаанд оролцож чаддаг уу? гэх асуултад хариулт олохыг зорьсон.
Хамгийн эхэнд түгжрэл нөлөөлж байна.
Хүйтний улиралд утаанаас үүдэн хүүхэд нь олон дахин өвдөж байна. Эхний удаа чөлөө өгнө. Хоёр дахь удаа дуртай, дургүй өгнө. Гурав дахь удаа арай гэж чөлөө өгнө. Дөрөв дэх удаа эмнэлэгт хэвтвэл ажлаас гарахаас өөр сонголтгүй болдог гэж залуу ээжүүд хэлдэг.
Хүүхдийнх нь сургууль, цэцэрлэгийг гэрээс нь хол хуваарилдаг тул нэгдүгээр ангийн хүүхэд, цэцэрлэгийн хүүхдээ зөөх цагийг нь зохицуулахад хэцүү байдаг гэх хариултыг эмэгтэйчүүд өгч байсныг хэллээ.
