
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Ц.Туваан нарын 10 гишүүний санаачилж, өргөн мэдүүлсэн Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
УИХ, Засгийн газраас баталсан хууль, тогтоомжийн дагуу төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаан буудайн урамшууллыг жил бүр улсын төсөвт суулган шаардлага хангасан аж ахуйн нэгж, иргэдэд олгодог.
Тухайлбал, 2020 онд ноосны урамшуулалд 19.4 тэрбум төгрөгийг 46,828 малчинд, сүүний урамшуулалд 4.3 тэрбум төгрөгийг 6,516 малчин, мал бүхий этгээдэд, улаан буудайн урамшуулалд 22.4 тэрбум төгрөгийг 797 иргэн, аж ахуйн нэгжид, арьс ширний урамшуулалд 9.9 тэрбум төгрөгийг 37,825 мянган малчин, мал бүхий иргэдэд олгосон байна.
Тэгвэл 2021 онд гэхэд ноосны 31.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 91,977 малчинд олгосон бол улаан буудайн 22.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 767 иргэн, аж ахуйн нэгжид олгожээ.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй малчин, тариаланчид нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сайн дурын үндсэн дээр төлөх хуулийн зохицуулалттай. Улс орны хүнсний хангамж, үйлдвэрлэлийн суурь болдог эдгээр салбарын үйл ажиллагаа улирлын чанартай, байгаль, цаг уурын хамаарал бүхий нөхцөлд явагддаг зэрэг олон шалтгаанаар малчин, тариаланчид нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тогтмол төлж чадахгүй, тасалдуулах, төлөхгүй байх явдал гарч байгаа.
УИХ
Малчид, тариаланчдад төрөөс олгож буй урамшууллыг нэгэнт улсын төсөвт жил бүр тогтмол суулган олгож байгаа тул эдгээр иргэдийн шимтгэлийг уг урамшууллаас суутгаж төлөх боломжийг хуулиар зохицуулах үүднээс Ц.Туваан нарын 10 гишүүн энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
Ажлын хэсгээс боловсруулсан төсөлд төрөөс олгох урамшууллаас шимтгэл суутган төлөх иргэнд тавигдах шаардлагыг тогтоосон дөрөвдүгээр зүйлийг нэмэх, мөн төслийн гуравдугаар зүйлийн 3.2, 3.3 дахь хэсгүүдийг хасах тухай зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураахад Байнгын хорооны хуралдаан оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
