
Хятадын Ардын Чөлөөлөх Армийн зүүн тойргийн командын төв Ням гарагт Тайвань арал руу хэрхэн довтлох төлөвлөгөөг энимэйшн хэлбэрээр харуулсан дүрс бичлэгийг сошиал хуудсандаа нийтэлжээ.
Дүрс дээр Хятадын эх газраас, агаараас болон тэнгисийн усанд байрлах байлдааны хөлөг онгоцнуудаас Тайвань арал руу нэгэн зэрэг пуужингийн цохилт өгч буйг харуулсан байна.
Суртал нэвтрүүлгийн зориулалттай энэхүү материал нь Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэний АНУ-д хийсэн айлчлалын дараа нийтлэгдэж байгаа юм.
Цай Ин Вэнийг гадаадаас буцаж ирсний дараахан Тайвань арлыг “бүслэх” гурван өдрийн байлдааны сургуулилалтыг Хятадын Ардын Чөлөөлөх Арми эхлүүлсэн нь өчигдөр өндөрлөсөн билээ.
Өчигдөр Тайванийн батлан хамгаалах яам Даваа гарагийн өглөөний байдлаар Хятадын нийт 70 нисэх онгоц, 11 тэнгисийн хөлөг тус арлыг тойрч байрласныг мэдээлсэн байна.
Тайванийн ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт гадаадад айлчлах замдаа АНУ-д саатаж, конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Кэвин Маккартитай уулзсан нь Бээжингийн эрх баригчдыг бухимдуулсан юм.
Энэ үеэр Маккарти зочноо “Америкийн сайн найз нөхөр” хэмээн өргөмжилж, “Тайванийн ард түмнийг тусалж дэмжих Америкийн бодлого гуйвшгүйг батлан илэрхийлсэн” байна.
АНУ нь хэдийгээр Нэг Хятад бодлогыг дэмждэг ч Тайвань аралтай албан бус харилцаа холбоогоо хадгалж, өөрийгөө хамгаалах зэр зэвсэг нийлүүлсээр ирсэн түүхтэй.
Эх сурвалж: Business Insider
