Модерна компанийн гаргасан коронавирусын эсрэг вакциныг хуулбарлан, зохиогчийн эрхэд халдсан гэж АНУ-ын “Pfizer” болон Германы эм үйлдвэрлэгч “BioNTech” компанийг шүүхэд өгчээ. Эдгээр компани хамтран боловсруулсан “Comirnaty” вакцин нь Модерна компанийн цар тахлын дэгдэлтээс өмнө боловсруулсан “SpikeVax” вакцины технологийг хуулбарласан гэж үзэж байгаа аж. Одоогийн байдлаар тус компани АНУ-ын Массачусетс мужийн шүүх болон Германы Дюссельдорф хотын шүүхэд патентын зөрчлийн ба тодорхой бус мөнгөн дүнгээр хохирлын нэхэмжлэл гаргаад байгаа юм.
“Бид цар тахлын дэгдэлтээс өмнөх арван жилийн хугацаанд анхлан санаачилж, бүтээхэд олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн, патентжуулсан mRNA технологио хамгаалахын тулд эдгээр нэхэмжлэлийг гаргалаа” гэж Модерна компанийн гүйцэтгэх захирал Стефан Бансел мэдээлжээ. Түүнчлэн энэхүү шүүхийн нэхэмжлэл нь хүмүүсийн коронавирусийн эсрэг дархлаажуулалтын явцад нөлөөлөх, Pfizer-ийн вакциныг зах зээлээс гаргах зорилгогүй гэжээ.
Модерна болон Pfizer-ийн мРНК вакцинууд нь АНУ-ын дархлаажуулалтын бодлогын үндэс бөгөөд хэрэглэгдсэн тунгийн дийлэнх хувийг Pfizer компанийн вакцин эзэлдэг.
Баасан гарагийн өглөөний байдлаар АНУ-д Pfizer компанийн вакцин 360 сая тун, Модерна компанийн вакцин 229 сая тунг тарьжээ.
Өчигдөрийн байдлаар Pfizer компанийн хувьцаа нэг хувиар, BioNTech компанийн хувьцаа 1.5 хувиар, Модерна компанийн хувьцаа 1.7 хувиар тус тус буурчээ.
