
Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд БХЯ, ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн байрлалдаа мод тарих өдөрлөгийг зохион байгууллаа.
Энэ ажлын хүрээнд БХЯ-ны ойр орчимд 50 гаруй нарс, гацуур суулгаж, ногоон байгууламжаа нэмэгдүүллээ. Уг ажиллагаанд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, бие бүрэлдэхүүн оролцсон юм. Энэ үеэр БХЯ, ЗХЖШ-ын ҮААХ-ийн дарга хурандаа Ж.Чогсомжав хэлэхдээ “Цаашдаа БХЯ-ны ногоон байгууламжийг сайжруулах үүднээс цэцэрлэгжүүлэлтийн ажлуудыг эрчимтэй явуулах болно. Мөн төрөл бүрийн жимс, жимсгэний бут, зүлэг суулгах ажил төлөвлөгдсөн” гэв.
Мөн энэ өдөр ҮБХИС-ийн бие бүрэлдэхүүн ч мод тарилаа. Ойролцоогоор 230 гаруй багш, сонсогч, ажилтан албан хаагч гурав хоногийн турш явагдах тус өдөрлөгөөр 4500 гаруй мод, бут тарихаар төлөвлөсөн байна.
ҮБХИС-ийн Ар талын хэлтсийн дарга хурандаа Ж.Давааноров “Тус сургуулийн хамт олон 2030 он хүртэл 180 мянган мод, бут тарихаар төлөвлөн ажиллаж байна. Энэ жил тус хөтөлбөрийн хүрээнд 10 мянган мод суулгах болно. Мөн мод тариалалтын дотоодын нөөц бололцоогоо нэмэгдүүлэхийн тулд Шар хад дахь Сургалтын нэгдсэн төвдөө мод үржүүлгийн газар байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна” гэсэн юм.

ЭХ СУРВАЛЖ : Монгол Улсын Батлан хамгаалах яам
