
“Монгол хүн монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг гадаадын тусгай алба, байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, тэдгээрийн үүрэг даалгаврыг биелүүлж мөнгөн урамшууллыг тогтмол авч байсан. Улмаар түүнийг энэ оны хоёрдугаар сарын 17-ны өдөр үйлдэл дээр нь баривчилсан тухай Тагнуулын ерөнхий газраас мэдээлсэн.
ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны хэвлэлийн төлөөлөгч П.Өгөөмөр “Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагын үүрэг, даалгавар санхүүжилтээр хууль бусаар үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл тогтоогдсон. Иймд хойшлуулшгүй ажиллагаа явуулж, тухайн иргэний хууль бус үйлдлийг таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байна.
Иргэн Ч.Мөнхбаярын гэрт нэгжлэг хийх явцад зохих хэмжээний валют, баримт сэлт илэрснийг эд мөрийн баримтаар хураан авсан” хэмээсэн юм.
Өмгөөлөгчийн зүгээс:
-Тагнуулын ерөнхий газар хуурамч нотлох баримт бүрдүүлсэн. Үүнийг шалгуулах гээд АТГ-д хандсан боловч шаардлагагүй гээд прокурорт буцаасан. Хууль хяналтын байгууллагууд бие даан шийдвэр гаргах чадваргүй, эрх баригчдын нөлөөнд автсан байна. Энэ асуудалд онцгой анхаарахгүй бол эрх баригчдын үйл ажиллагаа замбараагүй болжээ.
Тэмцэгч Г.Баасан:
-Иргэн, хүний эрхийн тэмцэгч Ч.Мөнхбаяр хууль бусаар хоригдоод 66 хонож байна. Энэ хүнийг төрийн нууц мэдээллийг гадаадад худалдсан, дамжуулсан гэх зүйл заалтаар яллах гэж оролдож байна. Тагнуулын ерөнхий газар агнуурын ерөнхий газар болжээ. Хүний эрхийн төлөө дуугардаг хүнийг агнаж хорьдог байгууллага болсон байна.
Ч.Мөнхбаяр ийм гэмт хэрэг хийх хүн биш. Тийм учраас энэ хүнийг суллахыг хүний эрхийн төлөө тэмцэгч байгууллагууд шаардаж байна.
Ч.Мөнхбаярыг тогтмол цалингүй, орлогогүй гэдэг үндэслэлээр тагнуул гэж хардаж байгаад харамсаж байна. Анхан шатны шүүх хурал дээр гэм буруутай гэдгийг нотолж чадаагүй учраас Нийслэлийн эрүүгийн хэргийн шүүхэд маргаан үргэлжилж байгаа.
