Хятадад 22 настай нэгэн эмэгтэй эцэг эхийнхээ эсэргүүцлийг үл тоон өөрийн долоон сартай, төрөлхийн элэгний үрэвсэлтэй охиндоо өөрийнхөө элгийг нууцаар шилжүүлэн өгчээ.
Тэрбээр өөрийн бичиг баримтыг гэрээсээ хулгайлан, эцэг эхийнхээ элэг шилжүүлэх мэс заслыг зөвшөөрсөн гарын үсгийг үйлдэн хагалгаанд орсон аж. Түүний охин өнгөрсөн есдүгээр сард элэгний архаг үрэвсэлтэй мэндэлжээ. Ингээд хүүхдийн амийг яаралтай аврах хамгийн боломжит хувилбар нь эхийнх нь элгийг шилжүүлэн суулгах болохыг эмч нар хэлсэн аж.
Залуу эх элэгний хагалгааны төлбөр хийх хангалттай мөнгө цуглуулсан ч эцэг эх нь түүнийг өөрийнхөө эрүүл мэндийг бодохыг зөвлөж, эсэргүүцсэн байна. Залуу эх телевизэд өгсөн ярилцлагадаа “Би өөрийнхөө хүүхдийг л бодсон. Харин миний эцэг, эх адилхан ч хүүхдээ бодсон бололтой. Тэгээд л зөвшөөрөөгүй” гэжээ.
Тэрбээр гэрийнхнийгээ гадуур явсан хойгуур өөрийнхөө бичиг баримтыг аван, захиа үлээгээд хагалгаанд орсон байна. Захиандаа “Намайг үнэхээр уучлаарай. Надад өөр сонголт байсангүй. Нөхөр бид хоёр охиныхоо өмнө үүрэг хариуцлага хүлээх ёстой. Бид түүнийг аврахын тулд бүхнийг хийнэ” гэжээ.
Охины элэг шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай болсон боловч эхийн хувьд цаашид эрчимт эмчилгээ хийлгэж, эмчийн хяналтад байх шаардлагатай болжээ.
