
Томчуудын буруутай, хариуцлагагүй үйлдлээс болж амь насаа алдсан хүүхдүүдийн осолд хэн хариуцлага хүлээх вэ. Мэргэжлийн байгууллагуудаас дараахь асуултад хариулт авлаа.
“УБЦТС” ТӨХК-ийн Хяналт шинжилгээ, дотоод аудит эрхэлсэн дэд захирал Н.Даваажаргал: Хариуцлага хүлээх ёстой бол хүлээнэ
-Ойрын хэд хоног эрчим хүч, цахилгааны дэд бүтцийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааны горим алдагдсанаас болж хэд хэдэн хүүхэд амь насаа алдлаа. Нийслэл болон НМХЕГ-аас “УБЦТС” ТӨХК-ийг хариуцлага хүлээх ёстой талаар мэдэгдсэн. Танайх хариуцлага хүлээх үү?
-“УБЦТС”-ийн 40 хүрэхгүй хувь нь “УБЦТС” ТӨХК-ийн мэдэлд байдаг. Үлдсэн 60 гаруй хувь нь хувийн эзэмшигчтэй. Зөрчлийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор хяналт шалгалт хийдэг онцгой эрх үүрэгтэй, эрчим хүчний улсын байцаагч нарыг байхгүй болгочихсон. Тийм болохоор манай компанийн зүгээс хувийн эзэмшлийн цахилгааны бүрэн бүтэн байдлыг шалгаад явах эрх байхгүй. Эрчим хүчний тухай хуульд зааснаар “Хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцна” хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл мэргэжлийн байгууллагууд тоолуур хүртэл бүх үйл ажиллагаанд аюулгүйн хяналт тавин ажилладаг. Тоолуураас дотогш хэрэглэгч өөрийн өмч хөрөнгө, тоног төхөөрөмжүүдийг бүрэн хариуцах ёстой юм.
-Хэрэглэгч, аж ахуй нэгж, иргэд өөрсдөө цахилгааны бүрэн бүтэн байдлаа шалгаж нягталж, хэрвээ гэмтсэн тохиолдолд хариуцлагыг өөрсдөө хүлээх ёстой гэсэн үг үү?
-Хуулиараа бид бусдын эзэмшлийн газарт тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, ажил үйлчилгээ явуулах эрхгүй байдаг. Манай компани бол гэрэл, цахилгаанаар хангах үүрэгтэй. Хэрэглэгч өөрийн эзэмшлийн цахилгаан тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдөж ажиллах, цахилгааны ажилтантай байх зэргээр мэргэжлийн байгууллагатай ашиглалтын гэрээ байгуулж ажиллах боломжтой байдаг. Гэтэл сүүлийн үед аж, ахуй нэгж байгууллагууд ашиглалтын гэрээ байгуулахаа больсон. Үүний улмаас осол гэмтэл ихээр гарч байна.
-Эмийн сангийн гаднах цахилгааны ослыг гарахаас өмнө танайд 2-3 удаа хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй гэсэн. Энэ талаар тайлбар өгөхгүй юү. Дахин асууя, “УБЦТС” хариуцлага хүлээх үү?
-Хүүхэд амь насаа алдсан эмзэг асуудал учраас хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа. Шийдвэр гарсны дараа хариуцлага хүлээх ёстой бол хүлээнэ.
НМХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлстийн дарга Н.Гантулга: Налайхад хүүхдийн осол гарахаас өмнө “УБЦТС”-д шаардлага хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй
-“УБЦТС”-д улсын байцаагчийн эрхтэй мэргэжилтэн байхгүй. Тийм болохоор аж ахуй нэгжүүд болон тухайн орчны цахилгааны бүрэн бүтэн байдлыг шалгаад явах эрхгүй байдаг гэж байна. Тэгвэл үүнийг хэн хариуцаж, хэн шалгадаг вэ. Хариуцсан мэргэжлийн байгууллага байна уу?
-“УБЦТС”-д улсын байцаагчийн эрхтэй мэргэжилтэн байхгүй нь үнэн. Гэхдээ Зөрчлийн тухай хуулийн зохицуулалттай уялдаад НМХЕГ-аас Улаанбаатар цахилгаан түгээх газартай хамтран санамж бичиг байгуулан ажиллаж байгаа. Санамж бичгийн хүрээнд НМХЕГ-д мэдээлэл ирүүлж, үүний үндсэн дээр НМХЕГ-аас эрх бүхий гурван улсын байцаагч арга хэмжээ авч ажиллаж байна. Бидний зүгээс иргэдийн аюулгүй ажиллаж, амьдрах орчинтой холбоотой зөрчлүүдийн талаарх мэдэгдлүүдийг “УБЦТС” ТӨХК-д хүргүүлдэг. Өнгөрсөн удаад ч мөн ялгаагүй Налайхад гарсан ослын асуудлаар мэдэгдэл хүргүүлсэн ч бидэнд хариу ирүүлээгүй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас орчны аюулгүй байдалтай холбоотойгоор хяналт шалгалт хийхэд 776 зөрчил илэрсэн. Зөрчлийг ангилж үзэхэд цахилгааны гэрэлтүүлэг, шугам сүлжээний халаалт аюулгүй байдалтай холбоотой 224 зөрчил илэрч, холбогдох байгууллагад албан шаардлга хүргүүлсэн байгаа. Мөн цахилгаан эрчим хүчний нөхцөл байдлыг хангаж ажиллах мэдэгдлийг Улаанбаатар цахилгаан түгээх станцад хоёр удаа хүргүүлсэн. Одоогоор албан шаардлагад хариу ирүүлээгүй байна. Тогонд цохиулж нас барсан долоон настай хүүхдийн асуудалд Улаанбаатар цахилгаан түгээх газар хариуцлагын алдаа.
-Хаа нэгтээ газар гэрлийн шон таггүй, хүүхдэд аюултай орчин байвал иргэд хэнд гомдол гаргаж, хаана хандаж аюулгүй байдлаа бүрдүүлэх ёстой вэ. “УБЦТС” уу, НМХЕГ уу?
-Цахилгаан хангамжтай холбоотой асуудлаар болон цахилгааны шугам сүлжээний аюулгүй байдал, хэрэглэгчийн гомдлыг УБЦТС түүний харьяа хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд хүлээж авдаг.
