2018 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний томоохон ажлын нэг бол Замын цагдаагийн газрын баруун урд уулзварын гүүрэн гарцын ажил юм. Одоо байгаа уулзвар нь зүүн тийш Нарантуул худалдааны төвийн уулзвар баруун тийш Энхтайвны гүүр, хойшоо Гадаад харилцааны яам, урагшаа Хоме плаза хүртэл түгжирдэг. Төмөрзамтай уг автозам нь нэг түвшинд огтлолцдог байсны улмаас осол аваар гарах, амь нас эрүүл мэндээрээ хохирох эрсдэл маш их гардаг. Гүүрэн гарцын бүтээн байгуулалтыг хийснээр дээрх асуудлууд бүрэн шийдэгдэнэ гэдгийг албаныхан хэлж буй юм. Гүүрний барилгын ажил дөрөвдүгээр сараас эхэлнэ. Энэ нь 96 тулгуур том багана, 3 рамптай, олон улсын стандартад нийцсэн олон түвшинт гүүр юм.
-2,5 ЖИЛИЙН ХУГАЦААНД ГҮЙЦЭТГЭХ БАЙСНЫГ ХУГАЦААГ НЬ НААШЛУУЛЖЭЭ-
-Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны замруу холбогдох “С” рампын 8.5м өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт, Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдоно.
-Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5м өргөнтэй, 2 эгнээ нийт 160у/м гүүр, 110у/м тулц ханатай, Нарны замын баруун талаас ирэх авто машин үндсэн гүүрэндээ гүүр гарна.
-Их Монгол улсын гудамжруу буух “А” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400у/м гүүр, 237 у/м тулцханатай, мөн төмөр зам дээгүүр явган хүний гүүр болон дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетон гүүр баригдана.
Уг гүүрний бүтээн байгуулалтын ажлыг 2.5 жилийн хугацаанд хийж гүйцэтгэх байсныг ерөнхий гүйцэтгэгч компанитай харилцан тохиролцсоны үндсэнд хүн хүч техник хэрэгслийг нэмэгдүүснээр 1.6 жил болгож график төлөвлөгөөг баталсан байна. Нарны замын урд хорооллын хөдөлгөөн зохион байгуулалтыг гүүрний барилгын ажилтай холбоотойгоор босоо тэнхлэгийн замуудын 7 байршилд орц гарц нэмэх гол гудамж замуудыг хооронд нь холбох ажлуудыг хийх аж.
-ГҮҮРЭН ГАРЦ ХЭТЭРХИЙ ӨНДӨР ӨРТГӨӨР ХИЙГДЭХ ШАЛТГААН НЬ-
Гүүрэн гарц барихтай холбоотой нийгэмд үүсээд буй нэг шүүмжлэл бол 47 сая ам долларын санхүүжилтээр хийж гүйцэтгэх нь хэтэрхий өндөр дүн гэх шүүмжлэл. Харин энэ талаар албаныхан тайлбарлахдаа хямд өртгөөр нүхэн гарц хийж болох ч Замын цагдаагийн уулзварт нүхэн гарц барих ямарч боломжгүй гэнэ. Учир нь нарны замын урдуур Туул коллектор, төв магистрал шугам явж байдаг. Өөрөөр хэлбэл, Замын цагдаагийн уулзварын урдах төмөр зам доогуур төв магистрал шугам болон усны судал явж байдаг юм байна.
Тодруулбал сөрөг урсгалаар дөрвөн эгнээ зам бүхий нүхэн гарц хийж, түүгээр нийтийн тээвэр, том оврын автомашин зорчуулахын тулд 7-10 м газар ухаж байж сая нэг нүхэн гарцыг хийх боломж бүрдэнэ. Гэтэл тус газарт маш том усны судал, ундарга байдаг юм байна. Ийм учраас нүхэн гарц хийх нь ямар ч боломжгүй гэх тайлбар хэлж байна.
Б.БУРМАА MEDEE.MN
