JPEGmini
Украины арми Москва болон ОХУ-ын хэд хэдэн бүс нутгийг онилсон томоохон дроны довтолгоо хийсэн гэх мэдээлэл гарлаа. Довтолгооны улмаас Москвагийн Внуково, Домодедово зэрэг нисэх буудлын үйл ажиллагааг түр хязгаарлаж, хэд хэдэн бүс нутгийн нислэгийг зогсоожээ.
Москва хотын дарга Сергей Собянин арваннэгдүгээр сарын 27-ны орой нийслэл рүү чиглэсэн 11 дроныг агаарын довтолгооноос хамгаалах хүчин устгасан гэж мэдээлсэн байна.
Харин маргааш өглөө нь Москва мужийн нутаг дэвсгэрт 460 дрон довтолсноос 123-ыг нь Москва хотод хүрэхээс өмнө устгасан хэмээн мэдэгджээ. Гэвч бусад бүс нутагт хэдэн дрон саатуулагдсан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Довтолгооны улмаас зөвхөн Москвагаар тогтохгүй Калуга, Пенза, Саратов, Тамбов мужийн нисэх буудлуудын үйл ажиллагаанд ч хязгаарлалт тогтоожээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, арваннэгдүгээр сарын 28-ны шөнө Оросын 14 муж, Башкортостан болон Крымийн хойгт Украины нийт 1246 дроныг саатуулсан байна.
ДРОНЫ ДАЙН ХҮРЭЭГЭЭ ТЭЛЖ БАЙНА
Украины арми 2026 онд ОХУ-ын нутаг дэвсгэрт чиглэсэн алсын тусгалт дроны ажиллагаагаа эрчимжүүлж, Москва болон бусад бүс нутгийг онилох болсон талаар мэдээлж байна.
Тухайлбал, арваннэгдүгээр сарын 16-ны шөнө ОХУ-ын Батлан хамгаалах яам Украины 1336 дроныг устгасан гэж мэдээлсэн бол дараагийн шөнө нь дахин 1441 дроныг саатуулсан хэмээн мэдэгджээ.
Үүнээс гадна Украины арми Крымийн гүүрийг онилсон довтолгоо хийж, автомашины хөдөлгөөнд ашигладаг гүүрийн нэг нуман байгууламжийг сүйтгэсэн гэх мэдээлэл гарсан байна. Харин төмөр замын хэсэг ажиллагаатай хэвээр байгаа аж.
Одоогоор Украины тал арваннэгдүгээр сарын 28-ны шөнийн довтолгооны талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна.
ЭХ СУРВАЛЖ: THE KYIV INDEPENDENT
