Б.ПҮРЭВДОРЖ: ИРГЭД ШАТАХУУНЫ ҮНЭ, ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ӨСӨЛТӨД НЭРВЭГДЭЖ, ШУДАРГА ЁСЫГ ҮГҮЙЛЖ БАЙНА
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж орон нутгийн иргэдийн санал, хүсэлтийг уламжлахдаа газрын өмчлөл, зам ашигласны хураамж, шатахууны үнийн өсөлт болон шударга ёсны асуудлыг хөндлөө.
Түүний хэлснээр, иргэд 0.7 га хүртэлх газраа өмчлөн авах эрхийн хугацааг сунгахыг хүсэж байгаа аж. Мөн зам ашигласны хураамжийг орон нутгийн санд төвлөрүүлж, тухайн орон нутагтаа зарцуулдаг болгох шаардлага тавьжээ.
Харин иргэдийн амьдралд хамгийн их дарамт болж буй асуудал нь үнийн өсөлт. Шатахууны үнэ нэмэгдэх бүрд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ дагаж өсөж, цалин, тэтгэвэр нэмэгдсэн ч иргэдийн худалдан авах чадвар дорвитой сайжрахгүй байгааг тэр онцолсон байна.
Б.Пүрэвдоржийн онцолсноор, орон нутгийн иргэд зөвхөн эдийн засгийн хүндрэл бус, Монгол Улсад шударга ёс үгүйлэгдэж байгааг ч уламжлахыг хүсжээ.
Газраа өмчилж авч чадахгүй, шатахууны үнэд дарлуулж, өдөр тутмын хэрэглээгээ дийлэхгүй болсон иргэдийн хүсэлтийг төр засаг хэзээ бодит ажил болгох вэ?
