Тайланд руу визгүй зорчиж, хоёр сар хүртэл хугацаанд амардаг байсан монголчуудын зорчих хугацааг хоёр дахин таналаа. 2026 оны есдүгээр сарын 15-наас эхлэн Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигчид Тайландад нэг удаад ердөө 30 хоног визгүй зорчихоор болжээ.
Өөрөөр хэлбэл, өмнө нь 60 хоног амрах боломжтой байсан бол одоо 30 хоногийн дотор буцах эсвэл визний асуудлаа зохицуулах шаардлагатай болж байна.
Гэхдээ Тайланд руу ажил хийхээр явдаг хүмүүст бүр ч том анхааруулга өгчээ. Аяллын визгүй зорчих эрхээрээ ажил хөдөлмөр эрхлэхийг хориглох бөгөөд цахим орчинд өндөр цалинтай ажилд зуучилна, виз гаргаж өгнө гэсэн зарын цаана хүн худалдаалах гэмт хэрэг, хөдөлмөрийн мөлжлөг, залилан байх эрсдэлтэйг анхааруулсан байна.
Мөн Тайландын хил залгаа бүс нутгийн гэмт хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан газрын хилээр нэвтэрсэн иргэдийг дахин хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авах болжээ.
Үүнээс гадна нисэх буудалд бүртгүүлсэн ачааг зорчигчийн байлцуулалгүйгээр нээж шалгах зохицуулалт аравдугаар сарын 16-наас хэрэгжиж эхэлсэн байна.
Харин цахилгаан тамхи авч явсан бол асуудалд орох эрсдэлтэй. Тайланд улс цахилгаан тамхи, түүний төхөөрөмж, дагалдах хэрэгслийг импортлохыг хориглодог. Визний зөвшөөрөгдсөн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам 500 тай баатын торгууль ногдуулж, албадан гаргах, дахин нэвтрэх эрхийг хязгаарлах хүртэл арга хэмжээ авна.
Иймээс Тайланд руу хямд зардлаар удаан хугацаанд амрах, ажил хийхээр төлөвлөж буй монголчууд өмнөх журмаараа тооцоо хийх хэрэггүй болжээ.
