Номын дэлгүүрүүд номоо худалдахын оронд устгаж, хавтас бүрд нь анхааруулах наалт наахад сая сая рубль зарцуулж байна.
ОХУ-ын хамгийн том номын худалдааны сүлжээнүүдийн нэг болох “Chitai-Gorod-Bukvoed” хууль тогтоомжийн шаардлагын улмаас ном устгах ажилд 100 сая рубль буюу ойролцоогоор 1.2 сая ам.доллар зарцуулжээ.
Тус сүлжээний гүйцэтгэх захирал Александр Брычкиний мэдээлснээр, хориотой гэж үзсэн номуудыг хадгалах, тээвэрлэх, тусгай байгууллагаар устгуулахад их хэмжээний зардал гардаг бөгөөд энэ мөнгийг төрөөс нөхөн олгодоггүй байна.
Гэхдээ энэ нь зөвхөн эхлэл. Тус дэлгүүр хоёр сая ширхэг номын хавтас дээр мансууруулах бодисын эсрэг анхааруулах наалт байрлуулахад нэмэлтээр олон арван сая рубль зарцуулжээ.
ОХУ-д Украины дайн эхэлснээс хойш хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдаж, номын агуулгад тавих хяналт чангарсан. Үүний улмаас өмнө нь хууль ёсоор хэвлэгдэж байсан зарим ном шинэ шаардлагад нийцүүлэх, худалдаанаас татах, устгах асуудалтай тулгарах болжээ.
Александр Брычкин ном устгах үйл явцын талаар ярихдаа тухайн номуудыг ердийн хог хаягдал шиг шууд хаях боломжгүй, тусгай үйлдвэрийн бутлагчаар устгуулдаг бөгөөд бүх зардлыг компани өөрөө хариуцдаг гэж мэдэгдсэн байна.
Нэг улсын хууль чангарч, номын агуулгад тавих хяналт нэмэгдэхэд бизнес эрхлэгчид ямар үнээр төлж байгааг энэ тоо харуулж байна.
