ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ял наймаалцсан гэх болон жолоочийнхоо эхнэр, дүүг ШШГЕГ-т даргаар томилуулсан асуудлуудаар өнөөдөр /2026.09.15/ мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ үндэсний аюулгүй байдалтай холбоотой асар ноцтой, зохион байгуулалттай асуудлыг ойрын хугацаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-д танилцуулна гэж мэдэгдлээ.
Тэрбээр “Сүүлийн үед нийгмийн сүлжээ, цахим орчинд явж байгаа шуугиантай холбоотой мэдээллийг та бүхэнд шаардлагатай гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд төрийн албыг хашиж байгаа, тэр дундаа УИХ-д тангараг өргөсөн төрийн сайдын хувьд аливаа ажил төрөлтэй холбоотой гүтгэлэг, доромжлолыг сэтгэлийн шаналал, тархины цоролгүйгээр авч өдий хүрлээ.
Харамсалтай нь, хөдөө орон нутагт томилолтоор явж байх үеэр гэр бүл, удам судар, эрхэлж буй ажил, бүр цаашлаад амьдралд хөл тавьж буй охины минь нэр төрд үндэслэлгүй халдаж байна.
Улстөржилт хэрээс хэтэрч байгаа учраас тодорхой мэдээллийг хүргэе. Өмнө нь би долдугаар сарын 30-нд Хөвсгөл аймагт Хойд хилийн шугамыг баталгаажуулах, хилийн шугамыг шинэчлэх ажлаар явж байх үеэр гэр бүлийг хүний ёсонд байхгүйгээр гүтгэсэн. Би үүнд сайд, даргын хувьд биш, иргэн хүнийхээ хувьд хуулийн дагуу гомдол гаргаж шалгуулсан. Гэтэл дахин гүтгэлэг хийж байна. Бүр улам даамжирч байна. Цаашдаа хил хязгаараа алдаж байгаа учраас өнөөдрийн мэдээллийг хийж байна. Монгол Улсын хэмжээнд эвдрэлцэх, тэмцэлдэх зүйлс улс төрийн намуудад, улстөрчдөд байсан.
Гэхдээ хэзээ ч хэрээс хэтэрсэн, хүний ёсноос гажууд, тэр дундаа хүний гэр бүл, үр хүүхдийг улс төрийн барьцаа болгодог, улс төрийн шунал тачаалынхаа золиос болгодог ийм зүйл өмнө нь байгаагүй.
Үүний шалтгаан нь улстөрчид, бизнесийнхэн, хууль хүчний байгууллагуудын мафийн сүлжээ сүүлийн 10 жилд байгаагүйгээр ажиллаж байна. Энэ мафийн сүлжээ, хууль бус бүлэглэл улс төрийг, хууль сахиулах байгууллага, төрийн зэрэглэлийн байгууллагуудыг татан оруулж, сүүлдээ улс орныг үгүй хийх хэмжээнд хүрч байна. Энэ бол эртнээс төлөвлөсөн, нарийн зохион байгуулалттай ийм процесс өрнөсөн. Төрийн албаны тухай хуульд мөрдөстэй алба хаагчид улс төрд татагдан орох, аливаа акц хийхийг хатуу хориглосон заалттай. Харамсалтай нь, хууль зөрчигчид бүлгээрээ амь тавьж байна. Энэ бол амь гарах гэсэн, төрийн нэрээр, тэр дундаа түмний өмнө өгсөн тангараг нэрээр, хууль биелүүлэх нэрээр хулгай, дээрмээ нуух гэсэн этгээдүүдийн амь тавьж буй процесс юм.
Монгол Улсын хар хайрцагны бодлогыг гадаад орчин нөхцөл тогшиж байна. Монголын ард түмний зүрх сэтгэлийг дотоод дайснууд тогшиж байна.
Тиймээс хууль бус үйл ажиллагааг тэвчихгүй, хулгай, дээрэм, авлига, хээл хахуулийг хүлээхгүй, хар тамхи, цахим залилантай тэмцэх чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Миний бүх шийдвэр энд байна. Гэтэл төрийн зэрэглэлийн мөрдөстнүүд хууль бусаар хийсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Э.Бямбажав Тагнуулын ерөнхий газрын мөрдөгчөөр ажиллаж байх хугацаандаа С.Зоригийн хэрэгт ял шийтгүүлж байсан. Гадаадын иргэнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, заналхийлж, залилан мэхэлсэн Б.Цогтжаргал гэж Дүн шинжилгээ, хяналтын газрын дарга байна. Дараагийнх нь албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон ШШГЕГ-ын Тамгын дарга Б.Нямгомбо гэх этгээд. Мөн А.Намсад ШШГЕГ-ын дарга хоригдлуудыг аваачиж, хууль бусаар өөрийн байр, байшингаа бариулах, төсвийн хөрөнгөөр 408 сая төгрөгийг 20 гаруй хүнд өгсөн. Алба хаагчийн нэр дээр мөнгө бичиж аваад, түүнийгээ завшдаг, өөртөө үнэгүй, нэг байр, үнийн хөнгөлөлт бүхий байр авсан.
Иргэдийн өөрсдийн гүйцэтгэх ажиллагааны хуудас биелдэггүй. Иргэд өөрсдөө хохирлоо барагдуулж чаддаггүй. Гэтэл хорих ангиуд руу мөнгө шилжүүлж, бэлнээр авдаг.
Хамгийн ноцтой нь хууль бусаар тагнах, чагнах үйл ажиллагаа явуулдаг. ШШГЕГ-т хууль бус тагнуулын газар бий болсон.
Мөн Б.Булнай гэдэг хүн Г.Занданшатарын ойрын хамаатан. Энэ эмэгтэй цагдаагийн байгууллагын засвар үйлчилгээний тендер бүрийг авч, нууцаар хийдэг.
Энэ хүн яагаад миний өмнөөс хэрэг наймаалцаж байна вэ. Яагаад үүний араас ШШГЕГ-ынхан гарч ирж, өөрсдийнхөө амийг хамгаалж байна вэ. Тусгай камер байрлуулж, цагдаагийн алба хаагчдыг барьцаалсан гэж би бодож байна. Гүтгэгдсэн дээрээ гүтгэгдээд явдаг ийм нийгэм байж болохгүй.
