Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд, ялангуяа шинэ жилийн үеэр иргэд БНХАУ, Тайланд, Вьетнам зэрэг Зүүн өмнөд Азийн улс орнууд руу аялал жуулчлалын зорилгоор зорчих нь нэмэгдэж байгаатай холбоотойгоор цахим орчинд аяллын нэрийдлээр иргэдийг залилах гэмт хэрэг өсөх хандлагатай байна.
Тодруулбал, энэ сарын 2-ны өдөр “Бали арал руу аялах зорилгоор нийт 13 хүн 36 сая төгрөг шилжүүлсэн боловч нислэгийн тийзийн захиалга баталгаажаагүй” гэх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд холбогдох байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.
Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр, залилагч этгээдүүд гадаад улс руу хямд зардлаар аялал зохион байгуулах тухай таатай нөхцөл, үнийн санал цахим орчинд байршуулж, иргэдтэй гэрээ байгуулсан мэтээр итгэл үнэмшил төрүүлэн залилах тохиолдол гарч байгаа аж. Иймд иргэд аялал захиалахдаа албан ёсны байгууллага, баталгаатай эх сурвалжийг сонгож, энэ төрлийн гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
