Египетэд Даваа гаригт (2025.10.13) болсон Газа дээд хэмжээний уулзалтад дэлхийн 20 гаруй орны удирдагч болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар оролцож, гал зогсоох гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн Арабын лигийн ерөнхий нарийн бичгийн дарга, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Европын холбоо болон бусад томоохон орнуудын төлөөлөгч нар оролцжээ. Тодруулбал, Армен, Азербайжан, Бахрейн, Канад, Кипр, Египет, Европын холбоо, Франц, Герман, Грек, Унгар, Энэтхэг, Индонез, Ирак, Итали, Япон, Йордан, Кувейт, Нидерланд, Норвеги, Оман, Пакистан, Палестины засаг захиргаа, Парагвай, Катар, Саудын Араб, Испани, Турк, Арабын нэгдсэн вант улсын удирдагч нар оролцсон.
Газын зурваст гал зогсоож, энхийг сахиулах гэрээнд “Бид хүлцэнгүй байдал, нэр төр, хүн бүрийн тэгш боломжийг эрэлхийлж, энэ бүс нутгийг арьс өнгө, шашин шүтлэг, үндэс угсаа харгалзахгүйгээр энх тайван, аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн төлөөх хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжтой газар болгохыг эрэлхийлж байна” гэж бичигджээ.
Харин гэрээний сүүлийн хуудсанд АНУ, Египет, Катар, Туркийн бүс нутгийн удирдагч болон гал зогсоох хэлэлцээрийн зуучлагчдын гарын үсэг, цол хэргэм зэргийг багтаажээ. Ерөнхийлөгч Трамп гэрээнд гарын үсэг зурсныхаа дараа “Энэ бол бүс нутгийн болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс ажиллаж, хичээж, найдаж, залбирч байсан өдөр. Тэд сүүлийн нэг сарын хугацаанд миний санаанд багтамгүй зүйл хийсэн. Ийм зүйл болно гэж хэн ч бодсонгүй” гэж онцлон тэмдэглэжээ. Мөн тэрбээр Египет, Пакистан, Унгар болон Европын холбоо зэрэг орны удирдагчдад биечлэн талархал илэрхийлэхэд багагүй цаг зарцуулсан байна.
Гал зогсоох хэлэлцээр баталгаажсан тул өдгөө Израиль болон Хамасын удирдлага барьцааны хүмүүсийг суллах ажлыг эхлүүлсэн. Цаашид Газын зурваст палестинчуудын амьдралыг сайжруулах арга хэмжээ авах юм. Улмаар их хэмжээний мөнгө төсөвлөж, сэргээн босголт, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх талаар Трамп мэдэгджээ. Гэхдээ цаашид мөргөлдөөн гаргахгүйн тулд Газын зурваст цэргийн хүчингүй, харин аюулгүй байдлыг бий болгохын тулд шударга иргэний цагдаагийн шинэ хүчинтэй байх ёстой гэж тэрбээр үзэж байна. АНУ-ын ерөнхийлөгч гал зогсоох төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болох Энх тайвны хяналтын зөвлөл байгуулах тухай мөн дурдсан байна.
