Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийн эхний шатны хүрээнд Израиль дахь Палестины 2000 орчим хоригдол болон Хамасын барьцаанд амьд үлдсэн 20 хүнийг суллаж байгаа билээ. Суллагдаж буй барьцааны хүмүүс бие, сэтгэлийн асар их зовлон шаналлыг туулсан тул хэвийн байдалдаа эргэн ороход амаргүй гэдгийг мэргэжлийн хүн хэлж байна. Клиник сэтгэл зүйч Жефф Гардер хэлэхдээ “Барьцааны хүмүүсийн зарим нь эрүү шүүлт амссан. Тэдэнд насан туршийн бие махбод, сэтгэл зүйн эмчилгээ шаардлагатай” гэсэн юм.
Хэлэлцээр эхэлсэн даруйд гал зогсооно гэсэн боловч энэ хугацаанд нас барагсдын тоо 300 давсан аж. Тодруулбал, Газын зурвас дахь эмнэлгүүд сүүлийн гурван өдрийн дотор 323 хүн нас барсныг нотлов.
Аврах багийнхан нурж сүйдсэн барилгуудын нуранги доороос цогцсуудыг гаргаж ирсээр байна. Газа даяар 10 мянга орчим хүн нуранги дор одоо ч байгааг Иргэний батлан хамгаалахын яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Харин хэлэлцээр Баасан гаригт хэрэгжиж эхэлснээс хойш хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаанд бодит ахиц дэвшил гарсан гэдгийг НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газар мэдэгдэв. Тухайлбал, хүнсний зориулалтаар ашиглах хий гуравдугаар сараас хойш анх удаа бүс нутагт орж иржээ. Мөн майхан, хөлдүү мах, шинэхэн жимс, гурил, эм тариа өдөр бүр Газын зурвас руу нэвтэрч эхлээд байна. Нийт тээвэрлэлтийн хэмжээ 190 мянган тонн хүрчээ.
